ЭЛЧИН САЙД ЗЗОБ ХОНКОНГ БОЛОН МАКАОД АЖИЛЛАВ

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Д.Ганхуяг БНХАУ-ын ЗЗОБ Хонконгийн Засаг захиргааны Нарийн бичгийн дарга Мэттю Чонтой 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уулзав.

Zurag 1

Элчин Сайд Д.Ганхуяг Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтбөлөр, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Хонконгтой хамтран ажиллах, Монгол, Хонконгийн хооронд хамтын ажиллагааны механизмтай болох саналыг дэвшүүлэв. Хонконгийн талтай хамтран үзэсгэлэн худалдаа, эдийн засгийн форум болон бизнесийн уулзалт зохион байгуулснаар Хонконгийн хөрөнгө оруулагчдыг Монгол Улс руу татах бололцоо бүрдэнэ гэдгийг Элчин сайд тэмдэглэн хэлэв. Элчин сайдын зүгээс Хонконгийн талын тэтгэлгээр сургах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх, Улаанбаатар-Хонконгийн хоорондох нисэлгийн тоог нэмэгдүүлэх зэрэг тодорхой саналыг дэвшүүлэв. Тэрээр, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2016 онд Хонконгд хийсэн айлчлалын үеэр Хонконгийн Ерөнхий захирагч асан Лянь Жэнь-инийг Монгол Улсад айлчлахыг урьсан урилга одоо ч хүчин төгөлдөр байгааг Ерөнхий захирагч хатагтай Кэрри Ламд уламжилж өгөхийг хүсэв.

Zurag 2

Хонконгийн Засаг захиргааны Нарийн бичгийн дарга Мэттю Чон хэлэхдээ, Хонконгийн газар зүйн байршил, олон улсын санхүүгийн төв, хууль эрх зүйн хараат бус байдал нь “Бүс ба Зам” санаачилгын  давуу тал болно гээд, Хонконг 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр АСЕАН-ы 10 улстай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан гэдгийг дурдав. Хоёр талын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, тэтгэлэгээр суралцах Монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэхэд дэмжиж ажиллана гэдгээ тэрээр илэрхийлэв.

“Монгол Улс, БНХАУ-ын ЗЗОБ Хонконг хоорондын Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хэлэлцээр”-ийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулахаар талууд тохиролцоод байна.

Элчин Сайд Д.Ганхуяг 12 дугаар сарын 15-ны өдөр ЗЗОБ Макаогийн Засаг захиргаа, хууль зүйн Нарийн бичгийн дарга Чань Хойфаньтай уулзав.

Zurag 3

Элчин Сайд Д.Ганхуяг уулзалтын үеэр хэлэхдээ, Монголын бараа бүтээгдэхүүнийг Макаогийн зах зээлд гаргах, боловсрол, соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлалын салбарт цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломж байгааг дурдаад, Монголын бараа бүтээгдэхүүнийг Макаогийн зах зээл цаашлаад Өмнөд Азийн зах зээлд гаргахад Макаогийн хөрөнгө оруулалт, бизнесийн салбарын туршлага шаардлагатай гэдгийг тэмдэглэн хэлэв.

Засаг захиргаа, хууль зүйн Нарийн бичгийн дарга Чань Хойфань хэлэхдээ, Макао жилдээ 30 гаруй сая жуулчин хүлээн авдаг бөгөөд аялал жуулчлалын салбарт Монголтой хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаа төдийгүй санхүү, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлал, худалдааны чиглэлээр хамтран ажиллаж, Монголын бараа бүтээгдэхүүнийг Макаогийн зах зээлд нэвтрүүлэх боломж байгаа хэмээн хэлэв. Тэрээр, Монгол, Макаогийн харилцаа, хамтын ажиллагааны хөгжил нь Монгол, Хятад хоёр улсын хамтын ажиллагааны хөгжлийг бэхжүүлж буйн нэгэн илэрхийлэл мөн гэдгийг онцлон тэмдэглэсэн болно.