МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ БНХАУ-Д АЙЛЧЛАВ.

БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопөний урилгаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ 2018 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 2-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийв. Зам, тээвэр, дэд бүтцийн салбар нь хоёр орны хамтын ажиллагааны чухал чиглэл бөгөөд хамтын ажиллагааг бэхжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тодорхой төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэх зэрэг нь айлчлалын гол агуулга бөгөөд нөгөөтэйгүүр энэ оны эхний хагаст хэрэгжүүлэхээр төлөвлөж буй өндөр, дээд түвшний айлчлалын бэлтгэл ажлыг хангах нь айлчлалын нэг зорилго байв.

1

Монгол, Хятад хоёр улсын Тээврийн сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, төмөр зам, агаарын тээвэр, авто тээвэр, далайн тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар өргөн хүрээнд санал солилцов.

2

Монгол Улс, БНХАУ-ын хооронд авто тээвэрлэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан 2011 оны авто тээврийн хэлэлцээр болон түүнийг хэрэгжүүлэх хоёр улсын салбарын яам хоорондын протоколд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх асуудлыг хоёр талын ажлын хэсгийн хүрээнд хэлэлцэж, энэ онд хэрэгжүүлэх өндөр дээд түвшний айлчлалын үеэр гарын үсэг зурахаар тохиролцож, хэлэлцээний  Протокол байгуулав. Монгол Улсын Далайн хэргийн газар болон БНХАУ-ын Далайн хэргийн газар хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурав.

3

Айлчлалын хүрээнд Монгол Хятадын хооронд агаарын шинэ хаалга нээх асуудлыг 2018 онд багтаан эцэслэхээр тохиролцов. Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ айлчлалынхаа хүрээнд Бээжин хотноо зохион байгуулагдаж буй “Ази, Номхон далайн орнуудын иргэний нисэхийн асуудал эрхэлсэн сайд нарын анхдугаар чуулга уулзалт”-нд оролцов.

4

Сайд Ж.Бат-Эрдэнэ айлчлалын хүрээндээ БНХАУ-ын Тяньжин хотын дарга Жан Гуоцин, Төмөр замын ерөнхий компанийн захирал, сайд Лу Дунфүтэй уулзаж санал солилцов.

5

6