Иргэний шинэчилсэн бүртгэл

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 100 дугаар тогтоолоор Монгол Улсын иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулахаар шийдвэрлэж, ингэхдээ шинэчилсэн бүртгэлийг Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь олгох болон иргэний цахим үнэмлэх олгох суурь дэд бүтцийг бүрдүүлэх ажлуудтай уялдуулан хийхээр тогтсон.

Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаар Монгол Улсын иргэн:
1.    Хүний хөгжил сангаас олгох хишиг, хувиа авах
2.    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаанаас өөрт ноогдох хувьцааг эзэмших
3.    Иргэний цахим үнэмлэх авах зэрэг эрхээ эдлэх боломжоор хангагдах юм.

            Шинэчилсэн бүртгэлд иргэдийг үндэсний энгийн хүчинтэй гадаад паспортыг үндэслэн бүртгэнэ. Гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд хүчинтэй хугацааг урьдчилан сунгуулах шаардлагатай. Иргэний шинэчилсэн бүртгэл нь иргэний төрсний, иргэний үнэмлэхний бүртгэлийг хамрах учраас төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхээ давхар авч ирэхийг иргэддээ зөвлөж байна.

Хэрэв дээрх гурван баримт бичгийн аль ч нь байхгүй бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.registrationmongolia.com, www.burtgel.mn цахим хаягаар орж, иргэний үнэмлэхний болон төрсний гэрчилгээний лавлагаа авах хүсэлтээ он-лайн илгээх хэрэгтэй. Иргэний хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хүлээн авч, иргэний төрсний бүртгэлийн лавлагааг иргэний үнэмлэхний зурагтай лавлагааны хамт гарган ЕКГ-т шууд ирүүлж, лавлагаа гарсан талаар иргэнд и-мэйлээр хариу мэдэгдэнэ. ЕКГ нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааг үндэслэн төрсний гэрчилгээг тухайн иргэнд шинээр бичиж олгон, шинэчилсэн бүртгэлд бүртгэнэ.

Иргэний шинэчилсэн бүртгэлд 16-аас дээш насны иргэдийг биечлэн бүртгэх бөгөөд 16-аас доош насны иргэдийн хувьд түүний эх нь бүртгүүлнэ. Түүнчлэн иргэдийг бүртгэлд ирэхээсээ өмнө өөрсдийн ургийн овог, Монгол Улсад бүртгэлтэй хаяг, мөн эхнэр, нөхрийн болон 16 нас хүртэлх хүүхдийн регистрийн дугаарыг зайлшгүй тодруулсан байхыг анхааруулж байна.

Та өөрийн бүртгэл баталгаажсан эсэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим www.registrationmongolia.com, www.burtgel.mn гэсэн цахим хуудсанд нэвтэрч,  регистрийн дугаараар шалгах, мөн улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 дугаарын утсанд холбогдож лавлаж болно.

Шинэ төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авах

Төрсний бүртгэл

Элчин сайдын Яам нь өөрийн тойрогт оршин суугаа Монгол Улсын харъяат иргэнээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгэнэ. Эцэг, эх нь хоёулаа Монгол Улсын иргэн, эсхүл  эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын иргэн бол тэдний дундаас төрсөн хүүхдийг бүртгүүлж, төрсний гэрчилгээ авах шаардлагатай.

Шинэ төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг хийлгэж, төрсний гэрчилгээ авахад дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

1.    Хүүхдийн төрснийг бүртгүүлж, төрсний гэрчилгээ авах талаар эцэг, эхээс Элчин сайдын Яамны нэр дээр гаргасан өргөдөл (Өргөдөлд эцэг, эх хоёр хоёулаа гарын үсэг зурж, өөрсдийн амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаараа бичсэн байна)

  1.  “Шинэ төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авах мэдүүлэг”-ийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах (Мэдүүлгийг хэрхэн бөглөх заавартай сайтар танилцана уу)
    “Шинэ төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авах мэдүүлэг” ( татаж авах )
    “Шинэ төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авах мэдүүлгийг бөглөх заавар” ( татаж авах )
  2.  Эцэг, эхийн иргэний үнэмлэх болон гадаад паспортын зурагтай хуудасны хуулбар
  3.  Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бол тухайн улсад гэрлэлтээ бүртгүүлсэн гэрчилгээний хуулбар)
  4.  ЭСЯ-ны тойрогт хүүхэд төрснийг гэрчилсэн бичиг баримтын хуулбар (Birth certificate)
  5. Хүүхэд төрснийг гэрчилсэн бичиг баримтын албан ёсны орчуулга.
  6.  Хүүхдийн нэг хувь зураг (3*4 см-ын хэмжээтэй байх шаардлагатай)
  7.  Үйлчилгээний төлбөр авахгүй.
  8.  Эцэг, эхийн аль нэг нь Элчин сайдын Яаманд аль болох өөрийн биеэр хүрэлцэн ирэх шаардлагатай.

Гэрлэлтийн бүртгэл

Элчин сайдын Яам нь өөрийн тойрогт оршин суугаа Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл гадаад улсын иргэнтэй гэрлэх бол гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгоно.

Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхдээ дараахь бичиг баримтыг бүрдүүлж, Элчин сайдын Яам-нд өөрсдийн биеэр хүрэлцэн ирж бүртгүүлнэ:

  1.  Гэрлэлтээ бүртгүүлэх талаар гэрлэхийг хүсэгчдээс Элчин сайдын Яамны нэр дээр хамтран гаргасан өргөдөл (Өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, өөрсдийн амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг заавал дурдаж, хоёулаа гарын үсэг зурсан байна)
  2.  “Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэг”-ийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах (Мэдүүлгийг хэрхэн бөглөх заавартай сайтар танилцана уу)
    “Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэг” ( татаж авах )
    “Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлгийг бөглөх заавар” ( татаж авах )
  3.  Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх болон гадаад паспортын зурагтай хуудасны хуулбар
  4.  Гэрлэхийг хүсэгчид өмнө нь гэрлэж байгаагүй тухай, хэрэв тэдгээрийн нэг нь, эсхүл хоёулаа гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан болохыг нотолсон лавлагааг Монгол Улсын Улсын бүртгэлийн ерөнхий газраас авч, хуулбарыг хавсаргасан байна. Монгол Улсын иргэнтэй гэрлэх гадаад улсын иргэний хувьд тухайн улсын холбогдох байгууллагаас энэ талаарх лавлагааг авсан байх шаардлагатай.
  5.  Үйлчилгээний төлбөр авахгүй.Жич: Элчин сайдын Яам гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосныг бүртгэх ХААТР–15 маягт /Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 265 тоот тушаалаар баталсан маягтыг хэлнэ/-ыг дээрх баримт бичиг, гэрлэхийг хүсэгчдээс өгсөн мэдээлэлд тулгуурлан бөглөж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр албан ёсоор гэрлэлтийг бүртгэж баталгаажуулдаг журамтай.

Бусад төрлийн иргэний бүртгэлийн үйлчилгээ

Бусад төрлийн иргэний бүртгэлийн үйлчилгээ

Иргэний бүртгэлийн тухай хуульд заасан төрсний, гэрлэлтийн, гэрлэлт цуцалсны, гэрлэлт сэргээсний, үрчлэлтийн, эцэг, эх тогтоосон тухай, овог, эцгийн нэр, нэр өөрчилсний болон нас барсны гэсэн найман төрлийн бүртгэлээс Элчин сайдын Яам нь үрчлэлтийн болон овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлээс бусад зургаан төрлийн бүртгэлийг хийдэг. Тухайлбал:

Гэрлэлт цуцалсны бүртгэл

ЭСЯ нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, төрсөн болон үрчлэн авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчидийг тэдгээрээс гаргасан өргөдөлд үндэслэн гэрлэлтийг нь захиргааны журмаар цуцалж болно. Гэрлэлтээ цуцлуулахын тулд дараахь баримт бичгийг бүрдүүлж, ЭСЯ-нд заавал өөрсдийн биеэр хүрэлцэн ирж гэрлэлтээ цуцлуулна:

1.    Гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн Элчин сайдын Яамны нэр дээр гаргасан өргөдөл /Өргөдөлд гэрлэгчдийн овог, эцгийн нэр, нэр, гэрлэлтийн гэрчилгээний дугаар болон гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан зөвшөөрсөн, төрсөн болон үрчлэн авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй тухайгаа дурдсан байна/
2.    Гэрлэлтээ цуцлуулахыг хүсэгчдийн иргэний үнэмлэх болон гадаад паспортын зурагтай хуудасны хуулбар
3.    Гэрлэлтийн гэрчилгээ
4.    18 хүртэлх насны хүүхэдгүй болох талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан лавлагаа
5.    Гэрлэлт цуцалсны үйлчилгээний төлбөр

Жич: Элчин сайдын Яам гэрлэлтийг цуцалж, гэрлэлтийг цуцалсан гэрчилгээ олгох бөгөөд гэрлэлтээ цуцлуулсныг мэдэгдэх хуудас ХААТР–16 маягтыг дээрх баримт бичиг, гэрлэлтээ цуцлуулахыг хүсэгчдээс өгсөн мэдээлэлд тулгуурлан бөглөж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр албан ёсоор гэрлэлтийг цуцалж баталгаажуулдаг журамтай. Гэрлэлт цуцалсныг мэдэгдэх хуудсыг бөглөхөд шаардлагатай мэдээллийг өргөдөл гаргагчид ЕКГ-т хүрэлцэн ирэх үедээ үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй.

Гэрлэлт сэргээсэн тухай бүртгэл

Элчин сайдын Яам нь нөхөр, эхнэр хамтран гаргасан өргөдөлд тулгуурлан гэрлэлт сэргээсэн тухай бүртгэлийг хийнэ. Гэрлэлтээ сэргээх хүсэлт гаргасан хүмүүс дараахь баримт бичгийн аль нэгийг өргөдөлдөө хавсаргасан байна:

1.    Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон, эсхүл нас барсан гэж зарласан шийдвэр хүчингүй болсон тухай шүүхийн шийдвэрийн хуулбар, эсхүл
2.    Гэрлэлт цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон тухай шүүхийн шийдвэрийн хуулбар, эсхүл
3.    Захиргааны журмаар гэрлэлтийг цуцалсан тухай гэрчилгээ
4.    Гэрлэлтээ сэргээх талаар өргөдөл гаргасан нөхөр, эсхүл эхнэр нь өөр хүнтэй гэрлээгүй тухай лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас авч хуулбарыг хавсаргана.
5.    Гэрлэлт сэргээсний үйлчилгээний төлбөр 100 ам.доллар бөгөөд төлбөрийг бэлнээр авна.

Жич: Гэрлэлт сэргээсний бүртгэл нь үндсэндээ гэрлэлтийн бүртгэлтэй адил бөгөөд гэрлэлтийг гэрчилгээг гэрлэлтээ сэргээсэн хүмүүст шинээр бичиж олгоно.

Бусад

Элчин сайдын Яам нь эцэг тогтоосон тухай бүртгэлийг хийхийн зэрэгцээ өөрийн тойрогт нас барсан иргэнийг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу бүртгэж, нас барсны гэрчилгээ олгоно.