Улс төрийн харилцаа
Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1949 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.  Хоёр тал 1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо тус тус Элчин сайдын яамаа харилцан нээсэн.

1991 онд ӨМӨЗО-ны Хөххотод Ерөнхий консулын газраа сэргээн байгуулж, 1996 онд түүний салбарыг Эрээн хотод нээсэн бөгөөд 2007 онд Консулын бие даасан газар болсон. Мөн 2011 онд Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт Ерөнхий консулын газар, 2012 онд БНХАУ-ын Шанхай хотод Консулын төлөөлөл, 2013 онд ӨМӨЗО-ны Хайлаарт Консулын газар тус тус байгуулж, үйл ажиллагаа явуулж байна.

1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин хөгжиж, энэ хугацаанд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ (1960 он), Хилийн гэрээ (1962 он), Эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан олон гэрээ, хэлэлцээр байгуулагдсан.

1990 онд БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга П.Очирбат БНХАУ-ын дарга Ян Шанкуний урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, айлчлалын дүнгийн талаар хоёр тал хамтарсан албан мэдээ гаргасан.

1994 онд Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайгийн урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр Монгол Улс, БНХАУ-ын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг байгуулсан. Уг гэрээний нэгдүгээр зүйлд “Хэлэлцэн тохирогч талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хоёр улсын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ” гэж заасан болно.

Энэхүү шинэ зарчмыг тусгаснаар тус гэрээ нь 1960 оны Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээнээс ялгагдах онцлог болсон төдийгүй хоёр улсын одоогийн харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж байгаа болно.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг зохицуулсан 425 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулагдсанаас одоогийн байдлаар 151 гэрээ хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байна.

Монгол, Хятадын хилийн шугам  4709,6  км үргэлжилдэг бөгөөд хоёр орон хилийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн.

1998 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди БНХАУ-ын дарга Зян Зөминий урилгаар БНХАУ-д төрийн айлчлал хийж, айлчлалын дүнгийн талаар хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргасан.

2003 оны 6 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн урилгаар БНХАУ-ын дарга Ху Зиньтао Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр тал Монгол, Хятадын сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлэхээр тохиролцож Хамтарсан мэдэгдэл гаргасан.

2011 оны 6 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн урилгаар БНХАУ-д айлчилж, хоёр тал Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан.

2013 оны 1 дүгээр сард Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангуо Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.

2013 оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяний урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, хоёр тал “Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурсан.

2014 оны 1 дүгээр сард Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж,  Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсны 20 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол, Хятадын найрсаг солилцооны жилийг тэмдэглэх арга хэмжээний хөтөлбөрт гарын үсэг зурав.

2014 оны 8 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар  БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр тал Монгол Улс, БНХАУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал болон хамтын ажиллагааны 30 гаруй баримт бичигт гарын үсэг зурав.

2014 оны 9 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Тажикстан улсын нийслэл Душанбе хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дэх удаагийн хуралдаанд оролцож, мөн үеэр Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын анхдугаар уулзалтыг зохион байгуулав.

2014 оны 10 дугаар сард Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, Монгол Улсын Их хурал, БХАТИХ хооронд байнгын уулзалтын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав

2014 оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын Бээжин хотноо болсон АПЕК‐ийн дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээнд оролцов.

2015 оны 4 дүгээр сард Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 4-р сарын 16, Пүрэв гариг, 23:31