Боловсрол, соёл, шинжлэх ухааны харилцаа

Сүүлийн жилүүдэд хоёр талын хооронд соёл, урлагийн төлөөлөгчид, биеийн тамирын баг тамирчид, оюутан, мэргэжил дээшлүүлэгчид, багш харилцан солилцох, төрөл бүрийн үзэсгэлэн, кино үзвэр зохион байгуулах, олон нийтийн болон уран бүтээлчдийн нийгэмлэг, холбоодын шугамаар харилцаа тогтоож, хамтран ажиллах, жуулчид солилцох, байгалийн гамшиг, бэрхшээл тохиолдсон үед сэтгэл санааны болон эд материалын тусламж харилцан үзүүлэх зэрэг олон хэлбэрээр хамтран ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 1994 онд байгуулсан. Хятадын соёлын өдрүүдийг 2004 онд Монгол Улсад, Монголын соёлын өдрүүдийг 2005 онд Бээжин болон Тяньжин хотуудад амжилттай зохион явуулав.

Мөн 2012 онд Монгол Улсын Соёлын сарыг Бээжин хотноо, Хятадын Соёлын сарыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар хоёр талын хооронд Санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн дагуу 2012 оны 4 дүгээр сард Монголын Соёлын сар Бээжин хотноо болж соёлын сарын хүрээнд Монгол Улсын морин хуур чуулга, гэрэл болон уран зургийн үзэсгэлэн, монголын кино өдрүүдийг зохион байгуулсан нь монголын соёл, урлагийг хятадын ард түмэнд танилцуулсан чухал арга хэмжээ болсон.

Хятадын тал 2010 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо Хятадын Соёлын төвийг байгуулсан.

Хоёр орон сүүлийн жилүүдэд биет бус соёлын өвийг хамгаалах чиглэлд ихээхэн ач холбогдол өгч, идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлж байна. Монгол Улс, БНХАУ-ын Соёлын биет бус өвийг хамтран хамгаалах хамтын ажиллагааны механизмын Удирдах хорооны анхдугаар хуралдаан Бээжин хотноо 2011 оны 9 дүгээр сард болсон бөгөөд энэхүү хуралдааны үеэр “Соёлын биет бус өвийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУЯ, БНХАУ-ын Соёлын яам хоорондын хэлэлцээр”-ийг байгуулав. Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр оронд аль алинд нь байдаг соёлын нийтлэг өв (тухайлбал хөөмий, биелгээ, Наадам зэрэг)-үүдийг ЮНЕСКО-д бүртгүүлэхдээ хоёр тал харилцан тохиролцож, урьдчилан зөвлөлдөж, ард түмний санаа сэтгэл, өв уламжлалыг хүндэтгэн уян хатан бодлого баримталж байхаар тохиролцсоноор чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д 2011 оны 6 дугаар сард хийсэн албан ёсны айлчлалын үеэр байгуулсан Монгол, Хятадын Стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан мэдэгдэлд хоёр орны соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхээ талууд нотолсон. Энэхүү хамтарсан мэдэгдлийн хүрээнд монголын тал Хятадад Соёлын төв байгуулахад хятадын талын зүгээс дэмжлэг үзүүлэх, Улаанбаатар дахь Кунзийн институт, Хятадын соёлын төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихээ монголын тал илэрхийлсэн.

Хоёр орны муж, хотуудын хооронд соёл, урлагийн төлөөлөгчид харилцан солилцох, их, дээд сургуулиудын хооронд монгол судлал, буддын соёл, гүн ухаан, хэл соёлын гэх мэт чиглэлүүдэд хамтран ажиллаж байна. Тухайлбал Монгол Улсын Их сургууль, Күнзийн институт хамтран Монгол-Хятадын соёлын анхдугаар симпозиумыг Улаанбаатар хотноо 2011 оны 6 дугаар сард амжилттай зохион байгуулсан бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар тохиролцсон байна. Мөн бие даасан уран бүтээлчид өөрсдийн бүтээлийн үзэсгэлэнгээ гаргах замаар хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагаа хөгжиж байна.

Боловсролын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн дагуу жил бүр манай 270 оюутан БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр, ӨМӨЗО-д 120 оюутан БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлэгээр 500 оюутан суралцаж байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэгээр хятадын 12 мэргэжил дээшлүүлэгч манай улсад суралцаж байна.

Аялал жуулчлалын салбарт

Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд иргэд харилцан зорчих явдал эрс нэмэгдэж байна. Жилд дунджаар Монгол Улсын 990000 гаруй иргэн Хятад руу, БНХАУ-ын 330000 гаруй иргэн Монгол руу харилцан зорчиж байгаа бөгөөд цаашид ч нэлээд нэмэгдэх төлөвтэй байна. Үүнтэй зэрэгцэн иргэдтэй холбогдсон асуудал ч цөөнгүй гарч байна. Эдгээр асуудлыг хоёр орны хооронд байгуулсан Консулын конвенци, Иргэний болон эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээр, Иргэд харилцан зорчих журмын тухай хэлэлцээр зэрэг баримт бичгийн үндсэн дээр шийдвэрлэж ирэв. Одоо хоёр орны хооронд дипломат, албан, албаны зориулалттай энгийн паспорт бүхий иргэд визгүй зорчиж байна.

Улаанбаатар-Бээжингийн хооронд МИАТ компани 1987 оноос, Хятадын Air China компани 1991 оноос, Улаанбаатар-Хөх хотын хооронд МИАТ, Аэро Монголиа компани 1992 оноос тогтмол нислэг үйлдэж байна. Мөн 2010 онд МИАТ компани ЗЗОБ Гонконгт Төлөөлөгчийн газраа албан ёсоор нээж Улаанбаатар-Гонконгийн хооронд нислэг үйлдэж эхлээд байна.

Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Хөх хотын хооронд суудлын галт тэрэг тогтмол явж байна. Зорчигчдын тоо эрс өсч байгаатай холбогдуулан Улаанбаатар-Бээжингийн хооронд жил бүр зуны улиралд нэмэгдэл галт тэрэг аялуулахаар хоёр тал 2003 онд тохиролцон хэрэгжүүлж байна.