МОНГОЛ, ХЯТАДЫН БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАРИЛЦАА

 

1950 онд Монгол, Хятад хоёр улсын хооронд цэргийн харилцаа тогтоосон. Үүнээс хойш 60 гаруй жилийн түүхийг 4 үед ангилан үзэж болох юм. Үүнд:

 

  1. 1950-иас 1960-аад оны эх хүртэл. Цэргийн харилцаа, хамтын ажиллагааны эхлэлийн үе. Энэ хугацаанд цэргийн харилцаа нь цэргийн төлөөлөгчид харилцан айлчлах, цэргийн дуу бүжгийн чуулгын тоглолт, спортын уралдаан тэмцээн хийх, худалдааны журмаар цэргийн хэрэглээний агт морьд Хятадад нийлүүлэх зэрэг хэлбэрээр хөгжиж байжээ.

 

  1. 1960-аад оноос 1990 он хүртэл 30 шахам жил хоёр улсын цэргийн харилцаа тасарсан үе.

 

  1. 1990 оны 9 дүгээр сараас 2003 он. Энэ үед хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа бүрэн хэвийн болсон.

Цэргийн өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжсон. Энэ 13 жилийн хугацаанд хоёр талын Батлан хамгаалахын сайд нар 5 удаа, ЗХЖШ-ын дарга нар 4 удаа, цэргийн бусад өндөр албан тушаалын төлөөлөгчид 17 удаа харилцан айлчлал хийжээ.

1997 онд “Монгол Улсын БХЯ, БНХАУ-ын БХЯ хоорондын хамтын ажиллагаа, солилцооны тухай Протокол”-д гарын үсэг зурснаар хоёр талын цэргийн харилцаа, хамтын ажиллагааны хэм хэмжээг зохицуулсан албан ёсны баримт бичигтэй болсон.

1993 оноос Хятадын БХЯ-наас Монголын Зэвсэгт хүчинд цэргийн буцалтгүй тусламж олгож, 1996 оноос Хятадын цэргийн их, дээд сургуулийн дамжаанд Монголын цэргийн алба хаагчдыг сургаж эхэлсэн.

 

  1. 2004 оноос эдүгээ хүртэл цэргийн итгэлцэл бэхжиж, батлан хамгаалах салбарын харилцаа өргөжин хөгжиж идэвхижсэн үе.

2004 онд хоёр орны БХЯ хоорондын анхны зөвлөлдөх уулзалт хийв.

2005 онд “Монгол Улсын БХЯ, БНХАУ-ын БХЯ хоорондын хамтын ажиллагааны тухай Хэлэлцээр”-т, 2013 онд “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын цэрэг-техникийн салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээр”-т тус тус гарын үсэг зурсан.

 

Дээд хэмжээний харилцан айлчлал:

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Чан Ваньцюань 2015 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон мөн онд болсон “Сяншаны уулзалт”-нд оролцон илтгэл тавьж,  Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд оролцсон.

Монгол Улсын ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа 2016 онд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга хурандаа генерал Сюй Цилянтай уулзаж, хоёр талын цэргийн хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийсэн.

 

Зөвлөлдөх уулзалт:

2016 оны 8 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд хоёр талын батлан хамгаалах болон аюулгүй байдлын асуудлаарх 9 дэх удаагийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатарт болж, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн Нэгдсэн штабын орлогч дарга адмирал Сүн Зяньгуо тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Дараагийн 10 дахь удаагийн уулзалт 2017 онд Бээжин хотод болно.

 

Сургалт:

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 онд манай улсад айлчлахдаа 5 жилийн хугацаанд жил бүр 100 цэргийн алба хаагчийг үнэ төлбөргүй сургахаар амласны дагуу 2016-2017 оны хичээлийн жилд Хятадын цэргийн их дээд сургуульд нийт 97 сонсогч, үүнээс үндсэн ангид буюу бакалаврын сургалтанд 15, мэргэжил дээшлүүлэх дамжаанд 79, докторантурт 3 оюутан суралцаж байна.

 

Тусламж:

2010-2015 онд Хятадын талаас манай Зэвсэгт хүчинд нийт 115 сая юанийн эд материал, техникийн буцалтгүй тусламж олгосноос 107 сая юанийн тусламж нь нэгэнт хэрэгжээд байна.

2016 онд Хятадын БХЯ-наас Монголын Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад 32 сая юанийн буцалтгүй тусламжаар гадаад тайзны иж бүрэн техник хэрэгсэл нийлүүлсэн.

 

Хамтарсан сургууль:

2009 онд “Энхийг сахиулагч элч”, 2013 онд “Талын манлайлагч”, 2015 онд “Анчин бүргэд” хамтарсан сургуулиудыг тус тус амжилттай зохион байгуулсан.

Хятадын тал “Хааны эрэлд-2015” сургуульд анх удаа 52 хүний бүрэлдэхүүнтэй баг, 2016 онд дээрх оролцоогоо бататгаж 43 хүнтэй баг оролцуулсан.

 

Гэрээ, хэлэлцээр:

  1. “Монгол Улсын БХЯ, БНХАУ-ын БХЯ хоорондын хамтын ажиллагаа, солилцооны тухай Протокол” 1997 он
  2. “Монгол Улсын БХЯ, БНХАУ-ын БХЯ хоорондын хамтын ажиллагааны тухай Хэлэлцээр” 2005 он
  3. “Цэрэг, техникийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр” 2013 он

 

 

 

ЭСЯ-НЫ ЦЭРГИЙН АТТАШЕГИЙН АЛБА