Улс төрийн харилцааны сэдвээр
  1. Монгол, БНХАУ хэдэн онд дипломат харилцаа тогтоосон вэ? ЭСЯ-даа хэдийд нээсэн вэ?

Хариулт:Монгол Улс, БНХАУ 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс ЭСЯ-аа 1950 оны 6 дугаар сарын 29-нд Бээжин хотноо, БНХАУ ЭСЯ-аа 1950 оны 7 дугаар сарын 5-нд Улаанбаатар хотноо нээсэн.

  1. Монгол, Хятадын харилцааны өнөөгийн байдлыг та хэрхэн үнэлж байна вэ?

Хариулт:Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт өргөжин хөгжиж, хамгийн таатай үедээ ирээд байна. Цаашид хөрш улстайгаа илүү нягт харилцах Монгол Улсын Засгийн газрын бодлого тууштай үргэлжлэх болно.

  1. Монгол, Хятадын найрсаг хөршийн харилцааны түүхэн баримт бичгүүдээс тоймлон дурдана уу?

Хариулт: 1952 оны аравдугаар сарын 04-нд БНМАУ ба БНХАУ-ын хоорондын эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны тухай Хэлэлцээрийг анх байгуулсан. 1960 онд Монгол, Хятадын Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ, 1961 онд Худалдааны гэрээ, 1962 онд Хилийн гэрээ зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан гэрээ байгуулагдсан. 1994 онд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсан нь хоёр улсын одоогийн харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж байна. 2003 онд Сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцааны хамтарсан мэдэгдэл гаргасан. 2011 онд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. 2014 онд Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг ахиулан Иж бүрэн стратегийн түншлэлийн хэмжээнд хүрээд байна.

  1. Монгол, Хятадын харилцааны цаашдын өрнөлт, хөгжлийн гол хандлагын талаар та ямар төсөөлөлтэй байдаг вэ?

Хариулт:Хоёр улсын харилцааны ирээдүйг улам сайхнаар төсөөлөн харж байна. Монгол, Хятадын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, цаашид хөрш улстайгаа илүү нягт харилцах Монгол Улсын Засгийн газрын бодлого тууштай үргэлжлэх болно. Хоёр улсын харилцааны хөгжлийг улам бүр бэхжүүлэн гүнзгийрүүлж, илүү шинэ, бодит агуулгаар баяжуулж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж, иргэд хоорондын харилцан итгэлцлийн түвшин бэхжиж, эдийн засаг, боловсрол зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

  1. Монгол, Хятадын харилцааны иж бүрэн стратегийн харилцааны талаарх Таны бодол?

Хариулт:2011 онд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг богино хугацаанд шинэ шатанд гаргаж 2014 онд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож чадсан нь хоёр улсын харилцаа хамтын ажиллагаанд хөгжлийн шинэ хуудас нээж,  улам их боломжийг бүрдүүлсэн гэж харж байгаа. Хоёр улс, хоёр ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэн бэхжүүлж, баяжуулахын зэрэгцээ бүхий л салбарт хятадын талтай идэвхтэй хамтран ажиллах болно.

  1. Монгол, Хятад хоёр улс хамгийн урт нийтлэг хилийн шугамтай хөршүүд юм.

Хариулт:Тийм. Монгол, Хятадын хооронд 4700 гаруй км хилийн урттай.

  1. Хил орчмын хамтын ажиллагааны талаар?

Хариулт:Сүүлийн жилүүдэд манай хоёр орны хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа идэвхжиж, цаашид улам өргөжин тэлэх төлөвтэй байна. Хил орчмын хамтын ажиллагаанд түшиглэн гадаад харилцаагаа хөгжүүлэх, зах зээлийн багтаамжаа нэмэгдүүлэх бүрэн боломжтойгоос гадна дэд бүтэц, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, орон нутгийн боловсролын солилцоо, гадаад худалдаа, соёл, хүмүүнлэг зэргээр хүрээгээ тэлж нь нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.

Мөн” Талын зам” төсөл, “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулах, Монгол, Орос, Эдийн засгийн коридор байгуулах ажлын хүрээнд хоёр талын болон гурван талын хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтой хэмээн харж байна.

  1. Хилийн боомтууд ямар хуваариар ажилладаг вэ?

Хариулт: Хилийн боомтууд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрт заасан цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа бөгөөд хилийн боомтыг ажиллуулах тодорхой цагийн хуваарийг бодит нөхцөл байдлыг үндэслэн дипломат шугамаар харилцан тохиролцож байна.

  1. Монгол Хятад хоёр улсын хооронд газар нутгийн ямар нэг маргаан байдаг уу?

Хариулт:Монгол, Хятадын хооронд газар нутгийн ямар нэгэн маргаан байхгүй.

         10. Хоёр талын хамтын ажиллагааны ямар ямар байнгын механизмууд байна вэ?

Хариулт:Хоёр талын Байнгын механизмуудын тухайд хэд хэдэн механизмуудыг дурдаж болохоор байна. Тухайлбал, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс, Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын байнгын уулзалтын механизм, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн Монгол, Хятадын хамтарсан зөвлөл, Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайд нарын түвшний стратегийн яриа хэлэлцээ зэрэг нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд нэн чухал механизмууд юм.

           11. Монгол Улс, БНХАУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа ямар чиглэлээр хөгжиж байгаа вэ?

Хариулт: Монгол Улс, БНХАУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь цэргийн дээд, өндөр түвшний төлөөлөгчдийн харилцан айлчлал хийх, БХЯ-д хооронд батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн хамтарсан хээрийн сургууль явуулах, боловсон хүчин бэлтгэх, энхийг дэмжих, цэргийн соёл, урлагийн байгууллага хооронд харилцан солилцоо явуулах, хятадын талаас буцалтгүй тусламж үзүүлэх зэрэг чиглэлээр хөгжиж байна.

            12. Хоёр талын батлан хамгаалах салбарт байгуулсан хамтын ажиллагааны механизм байгаа юу?

Хариулт: Хоёр тал, Монгол-Хятадын БХЯ-д хоорондын Батлан хамгаалах болон аюулгүй байдлын асуудлаарх зөвлөлдөх уулзалтын механизмыг байгуулан анхны уулзалтаа 2004 онд Улаанбаатар хотноо хийснээс хойш 9 удаагийн зөвлөлдөх уулзалтыг хийгээд байна.

            13. Хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа ямар хууль эрх зүйн баримт бичигт тулгуурлан хэрэгжиж байгаа вэ?

Хариулт: Хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа 2005 онд байгуулсан “Монгол Улсын БХЯ, БНХАУ-ын БХЯ хоорондын хамтын ажиллагааны тухай Хэлэлцээр”, 2013 онд гарын үсэг зурсан “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын цэрэг-техникийн салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээр”-ээр зохицуулагдаж байна.

Эдийн засгийн харилцааны сэдвээр
  1. Хоёр орны эдийн засгийн харилцааны өнөөгийн байдлын талаар Таны бодол?

 Хариулт:Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж байна. Хятад улс нь манай худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түнш бөгөөд хамтын ажиллагааны нөөц бололцоо ихтэй, бие биенээ харилцан нөхөх чадвар өндөр байдаг. Хятад улсын бүс нутаг, хөрш зэргэлдээ орнууд руу чиглэсэн хөгжлийн стратеги нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ боломжийг авчирч байна.

  1. Хятадын удирдагч Си Жиньпиний дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачлагыг хэрэгжүүлэхэд Монгол улс ямар хувь нэмэр оруулж чадах вэ?

Хариулт: “Бүс ба зам” санаачлага нь дан ганц нэг улс гэхээсээ илүүтэй Хятадын хөрш зэргэлдээ орнууд хөгжлийн нэгдсэн стратегиар хамтын хүчээр тухайн улс орон, бүс нутгийн хөгжлийг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Цаашлаад дэлхийн эдийн засагт маш том хөдөлгөгч хүч болж хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын хувьд энэхүү санаачлагын хүрээнд дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, бүтээн байгуулалтын томоохон төслүүдээ урагшлуулж, эдийн засгийн бүтцийг сайжруулах боломж гарч байна гэж харж байна.

  1. Хятад улстай хийж байгаа худалдаа Монголын гадаад худалдааны 80 орчим хувийг эзэлж байна. Энэ байдал цаашид улам өсөх үү, эсвэл буурах уу?

Хариулт: Хятад улс нь манай худалдааны хамгийн том түнш. Зах зээлийн багтаамж ихтэй орон. Бид энэхүү том зах зээлтэй хамгийн ойр байгаа давуу талаа ашиглан хоёр талын худалдааг илүү үр өгөөжтэй, чанартай хийхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл худалдааны бүтцийг сайжруулах юм. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт 2020 гэхэд худалдааны хэмжээг 10 тэрбум ам.доллар болгох зорилт тавьсан байгаа. Иймд эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ нэмэгдэх хэрээр өснө гэж үзэж байна.

  1. “Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах” төсөөллийг та хэрхэн үзэж байна вэ?

Хариулт: “Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр 3 тал нэлээд ажил хэрэгч, идэвхтэй байна. Тодорхой саналуудаа солилцоод, ажлын түвшиндээ уулзалт хийж байр сууриа нэгтгэх чиглэлээр ажиллаж байна. Энэхүү хөтөлбөр нь 3 улс төдийгүй бүс нутгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Хөгжилд тустай, чухал механизм бүрдэж байна гэж харж байгаа.

  1. Өнөөгийн байдлаар Монгол Улсад хятадын хэдэн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг вэ, гол төлөв аль салбарт?

Хариулт:Монголд үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн аж ахуйн нэгжийн тоо сүүлийн жилүүдэд бага зэрэг буурсан. Сүүлийн 3 жилийн байдлаар жилд дундажаар 150-200 аж ахуйн нэгж бүртгүүлж үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Одоогийн байдлаар 4000 орчим аж ахуйн нэгж гол төлөв нийтийн хоол, худалдаа, үйлчилгээний салбарт хөрөнгө оруулж үйл ажиллагаа явуулж байна.

  1. Монгол Улсад хөрөнгө оруулж үйл ажиллагаа эрхлэхэд хэр хүндрэлтэй вэ, бодлогын хувьд ямар хөнгөлөлт эдлэх боломжтой вэ?

Хариулт: Монголд хөрөнгө оруулж үйл ажиллагаа явуулахад бүс нутагтаа хамгийн таатай оронд тооцогддог. Хөрөнгө оруулалтын тухай шинэчилсэн хуулиар гадаад, дотоодын аж ахуйн нэгжийг ялгахгүйгээр бодлогын хөнгөлөлт үзүүлдэг болсон.

  1. Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд ойрын үед хэрэгжүүлэх ямар томоохон ажлууд байна вэ?

Хариулт: Энэ хүрээнд хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ажил бол БНХАУ-ын ХШХ-той ЭБЭХДБХА-ны Монгол, Хятадын Зөвлөлийн хурлыг зохион байгуулах байгаа. Ер нь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт, хэлэлцээ тасралтгүй хийгддэг. Хүлээгдэж буй зарим гэрээ, хэлэлцээрүүдийг эцэслэх чиглэлээр ажиллаж байна.

  1. Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд шинээр ямар чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэх нөөц бололцоотой гэж харж байна вэ?

Хариулт: Хөдөө аж ахуй, аялал жуулчлал бол хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх ирээдүйтэй салбар гэж хардаг. Хөгжүүлэхийн тулд бэлтгэлийг хангах, нөхцөл бүрдүүлэх чиглэлээр тал талаасаа чармайж ажиллах нь чухал гэж үзэж байна.

Соёлын харилцааны сэдвээр
  1. Монгол Хятадын харилцаа тус орны эргэн тойрны бусад орнуудтай харилцах харилцаанаас юугаараа ялгаатай гэж та үздэг вэ?

Хариулт: Манай хоёр улсын хувьд улс төр болоод газар нутгийн ямар нэгэн маргаан байхгүй.

БНХАУ хөрш орнуудтайгаа “илүү дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай хүртээмжтэй байх” зарчмын дагуу хөгжлийн үр дүнгээ хуваалцан, харилцан ашигтай хамтдаа хожих бодлого баримталж байгаа зарчим нь Монгол, Хятадын харилцаа болон бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжилд илүү таатай боломжийг бүрдүүлж байгаа юм.

  1. Хятадын их дээд сургуулиудад Монголын хичнээн оюутан суралцаж байна вэ? Энэ талаар Хятадын засгийн газраас үзүүлж байгаа тусламжийн талаар та юу хэлэх вэ?

Хариулт:Хоёр улсын Засгийн газар хооронд 1994 онд байгуулсан Соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр, 2015 онд яамд хооронд байгуулсан Монгол, Хятадын Солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай санамж бичгийн дагуу манай оюутнууд Хятадын Засгийн газрын тэтгэлгээр Хятадын их, дээд сүргуулиудад суралцаж байна. Одоогийн байдлаар Хятадын их сургуулиудад суралцаж буй Монгол оюутнуудын тоо 8000-д хүрээд байна. Энэ тоо жил бүр өссөөр байгаа. Монгол оюутнууд Хятадын Засгийн газрын тэтгэлэг, ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэг, Тусгай тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан амжилттай суралцаж, төгсөж байна.  Эдгээр тэтгэлэг нь Монгол оюутнуудад дэлхийн боловсролыг эзэмших том боломжийг олгож байгаа төдийгүй Монгол Улсын хөгжил дэвшилд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Түгээмэл асуулт
  1. Ер нь гадаадад яваа иргэнд юуны өмнө зайлшгүй мэдэж байх зүйлийн нэг бол тухайн улсад суугаа Монгол Улсын консулын төлөөллийн хаяг, утас юм. Тэгэхээр БНХАУ-д манай улсын консулын төлөөлөл хаана хаана байдаг вэ ?

Хариулт: Одоогоор БНХАУ-д Монгол Улсын консулын төлөөлөл 5 байна. Үүнд, Бээжинд Элчин сайдын яам (ЭСЯ), Хөх хот болон Хонконгод Ерөнхий консулын газар (ЕКГ), ӨМӨЗО-ы Эрээн хотод Консулын газар (КГ) тус тус байна.

  • БНХАУ-д суугаа Элчин сайдын яам (ЭСЯ) Бээжинд байдаг. ЭСЯ нь Консулын хэлтэстэй. ЭСЯ-ны консулын тойрог нь БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, Хонконг, Макаогаас бусад бүх засаг захиргааны нэгжийн нутаг юм. Хаяг нь: Бээжин хот, Чаоян дүүрэг, Зяньгомэнвай өргөн чөлөө, Сюшуй гудамжны 2 тоот (хятадаар: 北京市朝阳区,建国门外大街, 秀水南街2号,англиар:№2, Xiu Shui Nan Jie , Jian Guo Men Wai, Beijing, China). Утас: Жижүүр: (86-10)-65321203, 86-10-65326512, 65326513; Факс: 65325045. Цахим хаяг: beijing.mfa.gov.mn Консулын хэлтэс: 65326216 (факс), 65321203-181(хэлтсийн дарга), -187 (дэд консул), -147 (атташе), -189 (атташе).
  • Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар. Хаяг: Хөх хот, Синчэн (Шинэ хот) дүүрэг, Улаан бичил хороолол, 5 дугаар байр, Монгол Улсын Ерөнхий консулын газар (хятадаар: 呼和浩特市新城区乌兰小区5 号楼蒙古国总领事馆). Утас: (86-471)-6803540; 6803541; 6803542. Факс: 4303250. Емэйл: monconhh@gmail.com
  • Хонконгод суугаа Ерөнхий консулын газар. Хаяг: Unit 1505, 15/F, Wing On House, 71 Des Voeux Road, Central, Hong Kong; Утас: (852)-25222400
    Факс:25222405. Емэйл: hongkong@mfa.gov.mn
  • Эрээн хотод суугаа Консулын газар. Эрээн хот. Найрамдлын хойд гудамж 1206 тоот Монгол Улсын консулын газар (хятадаар: 二连浩特市友谊北路 1206 号 蒙古国领事馆 )
  1. БНХАУ-д 30 хоногоос илүү хугацаагаар байсан гадаадын иргэнийг яагаад хууль бусаар оршин суусан гэж үздэг юм бэ ?

Хариулт: БНХАУ-тай Харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулсан улсын иргэдийн хувьд тус улсын хилээр нэвтэрснээс хойш 30 хоног л байх эрхтэй. Тийм учраас хоёр талын тохиролцооны дагуу визгүй орж ирээд 30 хоног өнгөрсөн л бол 31 дэх өдрөөс нь тус улсын үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээний заалтын дагуу оршин суух хугацааг хэтрүүлсэн гэж үздэг.

  1. Ийм зөрчилд өртөхгүйн тулд яах ёстой вэ ?

Хариулт: 30 хоногоос дээш хугацаагаар БНХАУ-д байх шаaрдлагатай хүний хувьд дээрх зөрчилд өртөхгүй байх хамгийн найдвартай арга нь БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хандан 90 хоногийн хугацаатай “орох-гарах” виз авах явдал юм. Ийм визтэй иргэн тус улсад ирсний дараа бүртгүүлсэн бол хугацаа хэтрүүлсэн зөрчилд өртөх эрсдэлгүй. Дашрамд тэмдэглэхэд, энэ бол ганцхан БНХАУ-д биш, бараг бүх улсад, түүний дотор манай улсад ч адилхан баримталдаг зарчим.

  1. Хэрэв виз авалгүй ирсэн хойно ямар нэг шалтгаанаар 30-аас дээш хоног зайлшгүй байх шаардлага гарвал яах вэ ?

Хариулт: Үүнийг урьдчилан тооцоолж виз авч ирвэл тухайн иргэнд төвөггүй юм. Гэвч виз аваагүй ирсэн хойно гэнэт ийм шаардлага гарвал тухайн нутгийн захиргааны Нийгмийг аюулаас хамгаалах газрын Улсын хилээр орж гарах асуудал эрхлэх албаны Гадаадын иргэдийн асуудал хариуцсан нэгжид аль болох эрт хандан хүсэлт гаргаж түр оршин суух зөвшөөрөл авна. Ийнхүү хүсэлт тавихдаа хэвтэн эмчлүүлж байгаа бол тухайн эмнэлгээсээ хэдий хүртэл эмчлүүлэх шаардлагатайг тодорхойлсон бичиг авч, нутаг буцах тээврийн хэрэгслийн тасалбар захиалсан, эсвэл авсан бол хуулбарыг хавсаргах зэргээр зайлшгүй 30-аас дээш хоног байх шаардлага гарсныг  нотлох хэрэгтэй болно. Тэгэх боломжгүй бол та БНХАУ-аас буцаж гараад эргэж орж ирэх нь дээр. Эс тэгвэл зөрчилд өртөнө.

  1. Дээрх тохиолдолд манай улсын Дипломат төлөөлөгчийн газар (ДТГ)-ууд иргэдэд ямар туслалцаа, дэмжлэг үзүүлж чадах вэ?  

Хариулт: Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам (ЭСЯ), Ерөнхий консулын газар (ЕКГ), Консулын газар (КГ), Консулын төлөөлөгчийн газар  (КТГ) бол хятадын талын дээр дурдсан холбогдох байгууллагад хандан хүсэлтийг чинь ноотоор уламжилж өгч чадна. Үүнээс илүү зүйл хийх боломж байхгүй. Учир нь тухайн гадаадын иргэнд түр оршин суух зөвшөөрөл олгох эсэхийг хятадын тал бусад бүх улсын нэг адил үндсэндээ үзэмжээрээ шийднэ. Зарим иргэн эмнэлгийн бичиг аваачсан нь шалгалтаар нотлогдоогүй гашуун туршлага бас бий.

  1. Тэгвэл 30 хоногоос дээш хугацаагаар байх шаардлагатай хүн заавал виз авна гэсэн үг үү ?

Хариулт: Эмчилгээнд ч юм уу, эсвэл хүүхэд төрүүлэхээр ирэх, мөн түр хугацааны дамжаанд суралцахаар 30 хоногоос дээш хугацаагаар ирэх хүмүүс бүгд  виз авч ирэх шаардлагатай.

  1. Хэрэв ийм зөрчилд нэгэнт орсон бол ямар шийтгэл хүлээх вэ ?

Хариулт: Хүндэтгэн үзэх боломжгүй шалтгаанаар 30-аас илүү олон хоног байсан бол хоногийн 500-гаар бодож 10000 хүртэл юаниар торгох буюу 5-10 хоног баривчлах арга хэмжээ авна. 16 нас хүрээгүй хүүхдийн хувьд ийм тохиолдолд асран хамгаалагчийг нь 1000 хүртэл юаниар торгодог болсон.

  1. Хэрэв цөөхөн хоног хугацаа хэтрүүлсэн хүн БНХАУ-аас гарахаар хилийн боомт дээр шууд очвол яах вэ, торгоод гаргах уу?

            Хариулт: 2013 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн шинэ хуулиар  бол бүртгэл хийлгэж, түр оршин суух зөвшөөрөл аваагүй боловч хүндэтгэн үзэж болох буцах унааны тасалбар ховортой холбоотой ч гэх юмуу шалтгаанаар 30-аас дээш цөөн хоног тус улсад байсан гадаадын иргэнд сануулах шийтгэл хүлээлгээд гаргаж болохоор заасан байгаа. Гол нь хэтрүүлсэн хугацаа, шалтгаан зэргийг харгалзан шийдвэрлэдэг. Гарахыг түдгэлзүүлж ч болно. Гадаадын иргэн БНХАУ-аас гарахыг түдгэлзүүлэх үндэслэлүүдийг хууль тогтоомжид нь заасан байдгийн нэг нь тус улсад байх хугацааг хэтрүүлсэн зөрчил. Айлын тал шалгаж шийдвэрлэх тул Та тухайн өдрөө буцаж чадахгүйд хүрч болно. Гол нь зөрчлийн байдлаас л шалтгаална.

  1. Гарахыг түдгэлзүүлэх үндэслэлд өөр юу юу багтах вэ ?

            Хариулт: Хүчин төгөлдөр бус баримт бичиг (паспорт)-тэй, бусдын баримт бичиг ашиглаж яваа, эсвэл хуурамч буюу засварлаж өөрчилсөн баримт бичигтэй яваа бол гарахыг түдгэлзүүлж шалгана гэж хууль тогтоомжид нь заасан.

         10. Хилээр орох, гарах үед гэнэт саатуулбал яах ёстой вэ ?

            Хариулт: Юуны өмнө шалтгааныг асууж тодруулах ёстой. Эндүүрэл, буруу ойлголт гарсан эсэхийг магадлах хэрэгтэй. Учир нь БНХАУ-д төрсөн хүүхдэд ДТГ-аар дамжуулан шинээр паспорт захиалж авсан бол паспорт дээр нь хилээр орсон тэмдэглэгээ байхгүй учраас байдлыг шалган тогтоох хүртэл түр хүлээлгэдэг. Энэ үед уг хүүхдэд төрсөн эмнэлгээс нь олгосон ногоон хавтастай үнэмлэхийг гаргаж үзүүлэх ёстой. Энэ нь тухайн хүүхэд БНХАУ-ын нутаг дэвсгэрт, тухайн эмнэлэгт л төрснийг гэрчилсэн үнэмлэх бөгөөд төрсний гэрчилгээ биш. Төрсний гэрчилгээг ДТГ-аас олгодог. Хэрэв хэл нэвтрэхгүй бол хэлмэрч шаардах эрхтэй. БНХАУ-д урт хугацаагаар оршин суудаг иргэн паспортаа үрэгдүүлж, ДТГ-аар уламжлан төвөөс паспорт захиалж авсан бол мөн дээрхийн адил шалгаж тогтоодог бөгөөд үүнд түр хүлээх шаадлага гардаг. Хэрэв өөрт чинь ойлгомжгүй бусад шалтгаанаар хилээр нэвтрэхийг түдгэлзүүлбэл тэр даруй ДТГ-тай холбоо барих хэрэгтэй. Манай ДТГ-ын консулын албан тушаалтан хятадын талтай холбоо барьж хил нэвтрүүлэхгүй байгаа шалтгааныг тодруулж өөрт чинь хариу өгнө.

            11. БНХАУ-д орж ирсэн хойноо паспортаа үрэгдүүлбэл яах вэ ?

            Хариулт: Хамгийн түрүүн тухайн орон нутгийн дээр дурдсан байгууллагад энэ тухайгаа мэдэгдэж эрэн сурвалжлуулах ёстой. Хэрэв эрэн сурвалжлаад олоогүй бол тухайн гадаадын иргэнд паспортаа үрэгдүүлсэн болохыг нь гэрчилсэн албан ёсны тодорхойлолт олгоно. Тодорхойлолт авмагц ДТГ-т хандах ёстой. ДТГ Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газарт хандаж лавлагаа авсны үндсэн дээр тухайн иргэнд Буцах үнэмлэх олгоно. Буцах үнэмлэх авсан гадаадын иргэн хятадын талын тухайн нутгийн захиргааны Нийгмийг аюулаас хамгаалах газрын Улсын хилээр орж гарах асуудал эрхлэх албаны Гадаадын иргэдийн асуудал хариуцсан нэгжид хандан “гарах” виз авч байж БНХАУ-аас гарна. Гарах виз авахад наад тал нь 9 хоног шаардагддаг.

           12. Дипломат, албан паспорт үрэгдүүлсэн хүн ч виз авах уу?

            Хариулт: Учир нь буцах үнэмлэх авсан гадаадын иргэн бүр виз авч байж гарах тухай БНХАУ-ын үндэсний хууль тогтоожид заасан байдаг.

            13. БНХАУ-д суудаг бусад улсын ЭСЯ-нд виз мэдүүлж паспортаа өгсөн хойно гэнэт нутаг буцах хэрэг гарвал яах вэ?

            Хариулт: Хэрэв БНХАУ-д улсад орсон паспортаараа гуравдагч улсын виз мэдүүлсэн бол визээ гартал хүлээх нь зүйтэй. Эсвэл тухай орны ЭСЯ-наас паспортаа буцааж /визгүй/ авна.

            14. “Орсон” тэмдэг даруулаагүй паспортаар гарах зайлшгүй шаардлага гарвал яах вэ ?

            Хариулт: Өөрийн улсын ДТГ-т хандах нь зүйтэй. ДТГ хятадын талд хандаж хил нэвтрүүлэхийг хүссэн ноот үйлдэж өгнө. Уг ноотыг үндэслэн хятадын тал тухайн гадаадын иргэнийг шалгаж өөр паспортаар орж ирсэн хугацаанд зөрчил байгаа эсэхийг хянан тогтоосноор сая хил гаргаж болно. Гэвч энэ бүхэнд хугацаа шаардлагатай болохыг иргэн өөрөө урьдаар сайн бодох ёстой.

            15.Бэлэн мөнгөтэй орж ирэхээр хураадаг, буцааж өгдөггүй гэж үнэн үү ?

            Хариулт: Тус улсын хууль тогтоомжоор бол гадаадын иргэн 20000 юаниас илүү хэмжээтэй мөнгө бэлнээр оруулж ирэх бол хилээр нэвтрэх үед гаалийн мэдүүлгийг заавал бөглөж холбогдох байгууллагад өгнө. Дамжин өнгөрөхдөө буюу Хятадын хилээр их хэмжээний мөнгөтэй гарахад дээрх гаалийн мэдүүлгэд мөнгөний дүнг тусгаагүй тохиолдолд Хятадын гаалийн байгууллагаас хураан авч 20 хувьтай тэнцэх хэмжээний торгууль оногдуулна.

            16. Ямар хүнийг хил нэвтрүүлдэггүй вэ ?

            Хариулт: Урьд нь албадан гаргагдсан бөгөөд эргэж оруулах хугацаа нь болоогүй бол; орсныхоо дараа террорист болон хориотой бусад үйл ажиллагаа явуулж болзошгүй гэж үзсэн бол; орсныхоо дараа дамын наймаа хийх, мөрийтэй тоглох, биеэ үнэлэх зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж болзошгүй гэж үзсэн бол; сэтгэл мэдрэлийн өвчтэй, эсвэл уушигны сүрьеэ зэрэг халдварт өвчтэй бол; зардлаа хариуцах чадваргүй бол; улсын аюулгүй байдал, эрх ашигт хор хохирол учруулж болзошгүй гэж үзсэн бол гадаадын иргэнийг хил нэвтрүүлэхгүй гэж хууль тогтоомжид нь заасан байдаг.

           17. Хүүхэдтэйгээ хамт БНХАУ-д очсон хойноо яаралтай хэрэг гараад буцахад хожим хүүхдийг гаргахгүй гэдэг нь ямар учиртай юм бэ ?

            Хариулт: Аль ч улс 18 хүртэл насны хүүхдийг асран хамгаалагчгүйгээр хил нэвтрүүлэхийг хууль тогтоомжоороо хориглодог. Энэ нь улс дамнасан хүн худалдаалах гэмт хэргийн золиос болохоос хүүхдийг хамгаалж байгаа хэрэг тул асуудалд хүндэтгэлтэй хандах нь зүйтэй. Манай улсад ч ийм зарчим баримталдаг. Хэрэв хүүхэд дангаараа БНХАУ-аас гарах бол заавал өөрийн чинь итгэмжлэлээр өөр нэг хүн асран хамгаалагч болж авч явах учиртай. Энэ итгэмжлэлийг мэдээжээр ДТГ-аар баталгаажуулах шаардлагатай.

           18. Хэрэв БНХАУ-ын нутагт эд юм болон мөнгөө хулгайд алдвал яах вэ ?

            Хариулт: Тухайн гадаадын иргэн эд зүйл, мөнгөө сайн хямгадаж явах ёстой. Зочид буудалд, эсвэл хот хоорондын нийтийн тээврийн хэрэгсэлд юмаа алдсан бол тухайн зочид буудлын болон тээврийн хэрэгслийг эзэмшигч байгууллага, аж ахуйн нэгжийн захиргаанд гомдлоо гаргах хэрэгтэй. Хэрэв тэдгээр байгууллага гомдлыг барагдуулж чадахгүй бол тухайн орон нутгийн Нийгмийг аюулаас хамгаалах газар (НАХГ)-т болон өөрийн улсын ДТГ-т болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх нь зүйтэй. Хятадын талын НАХ байгууллага алдагдсан зүйлийг чинь олж өгөх арга хэмжээ авна. Олдвол аз, олдохгүй бол яах ч арга байхгүй. Такси, автобусанд юмаа орхиж буух тохиолдол элбэг. Суусан унааныхаа дугаарыг тогтоож аваагүй бол олддоггүй.

          19. Бусдад мэхлэгдэж мөнгө, эд хөрөнгийн хохирол амсвал яах вэ ?

            Хариулт: Мөн дээрхийн адил аргаар айлын тал, өөрийн улсын ДТГ-т хандаж болсон явдлыг цаг хугацаатай нь үнэн зөвөөр мэдүүлэх шаардлагатай.

           20. Зам тээврийн болон бусад осолд орох тохиолдолд яах вэ ?

Хэрэв зам тээврийн болон бусад осолд орвол тухайн орон нутгийн замын цагдаа, цагдаагийн бусад байгууллагад байдлыг үнэн зөвөөр мэдээлэхийн хамт ДТГ-т шуурхай мэдэгдэх хэрэгтэй. ДТГ юуны өмнө иргэнээ хамгаалах арга хэмжээ авч улмаар учирсан хохирлыг буруутай этгээдээр барагдуулгах чиглэлээр ажиллана.

            21.Иргэн нас барсан тохиолдолд яах вэ?

Хариулт: Ийм тохиолдолд хятадын тал юуны өмнө ДТГ-т мэдэгддэг. Хамт яваа хүмүүс ч мөн мэдэгдэх ёстой. Хэрэв эмнэлэгт нас барсан бол цогцсыг хэрхэн нутагтаа аваачих асуудлыг л шийдвэрлэнэ. Энэ нь цогцсыг олон улсын гэрээний заалтын дагуу зориулалтын тусгай авсанд хийн тээвэрлэж явах, эсвэл чандарлан авч явахын аль нэгийг сонгоно гэсэн үг. Үүнийг зөвхөн ар гэрийнхний нь саналаар шийдвэрлэнэ.

Эмнэлэг нь нас барсан тухай дүгнэлт гаргаж өгнө. ДТГ иргэн нас барсан тухай ГХЯ, ар гэрийнхэнд нь мэдэгдэнэ. Мөн нас барсны гэрчилгээ олгоно.

Хэрэв эмнэлгээс өөр газар нас барсан бол тухайн орон нутгийн НАХГ буюу цагдаагийн байгууллага, шүүх эмнэлэг, прокурорын байгууллага газар дээр нь үзлэг хийж дүгнэлт гаргана. Гэрчийн мэдүүлгүүдийг хавсаргана. Дүгнэлтийг ДТГ-ын төлөөлөгч буюу консулын албан тушаалтан болон ар гэрийнхэнд танилцуулна. Ар гэрийнхэн дүгнэлтийг зөвшөөрвөл арын ажлыг дээрхийн адил шийдвэрлэнэ. Хэрэв санал нийлэхгүй бол хятадын талын холбогдох байгууллагууд дахин уг хэргийг авч үздэг. Гэвч энэ нь цаг хугацаа, зардал чирэгдэл их шаарддаг ажил. Ар гэрийнхэн нь цогцсыг эх орондоо аваачсан хойноо өөрийн улсын хуулийн байгууллагаар шалган тогтоолгож болно. Бээжингээс Улаанбаатар хүртэл тээвэрлэхэд хайрцагны болон тээврийн зардал нийлээд 60-70 мянган юань болдог. Харин чандарлуулаад явч явахад 40 мянга орчим юанийн зардал гардаг.

Холбоо барих