“70 ЖИЛ 70 ЗОХИОЛЧ 70 ӨГҮҮЛЛЭГ” БОЛОН “МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН ТҮҮВЭР” НОМЫГ ЗАЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2019-09-27

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойн хүрээнд Элчин сайд Д.Ганхуягийн санаачилгаар эрхлэн гаргасан “70 жил-70 зохиолч-70 өгүүллэг” болон “Mонголын яруу найргийн түүвэр” номыг залах ёслолын арга хэмжээг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ЭСЯ-нд зохион байгуулав.

Арга хэмжээг нээж Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын зөвлөх Чэн Шяочүнь, Хятадын 70 зохиолчын төлөөлөл нэрт яруу найрагч Ү Жинлян нар үг хэлж, Хятадын зохиолчдын хорооны удирдлагын хорооны дарга бөгөөд хэвлэл, нийтлэл агентлагын дарга Ү Ичинь, Хятадын Төв радио, телевизийн “Монгол редакц”-ийн дарга Гэрэлт, Бээжингийн их сургуулийн профессор Жао Жэнзянь, БНХАУ-аас Монгол Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Хуан Жякуй болон Монгол судлаач профессорууд, Хятадын зохиогчдын эрх олгох байгууллагын удирдлага зэрэг төрийн байгууллагын төлөөлөл, утга зохиол, хэвлэл мэдээллийн салбaрын 120 гаруй зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцов.

Мөн Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын ГХЯ-ны урилгаар Монгол Улсаас БНХАУ-д сууж байсан Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Цахилгаан, Г.Батсүх, Ц.Сүхбаатар нар гэргийн хамт тус улсад хийж буй найрсаг айлчлалынхаа хүрээнд Элчин сайдын яаманд зочилж, ном залах ёслолын арга хэмжээнд хүндэт зочны хувиар оролцож, “70 жил-70 зохиолч-70 өгүүллэг” номын дээжист “хүндэтгэл”-ийн гарын үсэг зурж, дурсгал болгон үлдээсэн нь онцлох үйл явдал байв. Элчин сайд Д.Ганхуяг “70 жил-70 зохиолч-70 өгүүллэг” болон “Mонголын яруу найргийн түүвэр” номын бүтээлийг гаргахад ЭСЯ-тай хамтран ажилласан Хятадын Төв радио, телевизийн “Монгол редакц”-ийн хамт олонд өргөмжлөл, Профессор Дулаан (орчуулан эмхтгэгч)-д Монголын зохиолчдын эвлэлийн хорооны утга зохиолын төлөөх медаль, орчуулагч Дүүрэнжаргал, Оргил нарт “Сэр-Од” медиалийг тус тус гардуулав.

Ном залах ёслолын арга хэмжээг Хятадын “CCTV”, “Хятадын Төв радио, телевиз” болон “Ардын өдрийн сонин” зэрэг хэвлэл мэдээллийн төлөөллүүд сурвалжлав. ЭЛЧИН САЙДЫН ЯАМ