Азийн ардын урлагийн их наадам 2019

2019-05-31

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газраас санаачлан ЗГХЭГ,ГХЯ, БСШУСЯ, БОАЖЯ, ЗТХЯ, Монголын үндэсний брэндийн зөвлөлтэй хамтран “Азийн ардын урлагийн их наадам”-ыг энэ оны 6 дугаар сарын 12-17- ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэхүү наадам нь Болгар Улсад жил бүр зохион байгуулагддаг “Ардын урлагийн дэлхийн аварга шалгаруулах наадам”-ын (World Championship System of Folklore-WCSF) Ази тивийн салбар арга хэмжээ болох бөгөөд манай улс “Азийн адын урлагийн их наадам”-ыг бүс нутагтаа анх удаа зохион байгуулах эрхийг авч, бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.   Наадам нь Ази тивийн хамгийн өргөн цар хүрээтэй, биет болон биет бус соёлын өвийг хадгалах, хамгаалах, сурталчлахад онцгой ач холбогдол бүхий  соёлын арга хэмжээнүүдийн нэг болох төдийгүй Монгол Улсыг гадаадад сурталчлах, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой манай улсын “брэнд” арга хэмжээ болно гэж зохион байгуулагчид үзэж байна. “Азийн адын урлагийн их наадам”-ын хүрээнд бүс нугийн улс орнуудаас ирсэн авьяастнууд өөрсдийн үндэсний хувцастайгаа, ардын язгуур урлагийн дээжсээсээ өргөн барих бөгөөд бүхий л урлагийн тоглолт, арга хэмжээнүүд олон нийтэд нээлттэй зохион байгуулагдах юм. Түүнчлэн, гадаадын оролцогчдод зориулсан хөөмий, аман хуур, бие биелгээ зэрэг монгол ардын язгуур урлагийн төрлүүдийг танилцуулах хичээл, мастерклассуудыг зохион байгуулагдах юм.