Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ

2018-05-29

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө-гийн урилгаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 5 дугаар сарын 24-нөөс 29-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө нар 5 дугаар сарын 25-ны өдөр хятадын БХЯ-ны “наймдугаар сарын 1” ордонд уулзаж, хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр тэд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагааны талаар харилцан сонирхсон асуудлууд болон бүс нутгийн нөхцөл байдлын талаар санал солилцов. Уулзалтын дараа БНХАУ-ын БХЯ-наас Монгол Улсын БХЯ-нд цэргийн буцалтгүй тусламж олгох тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга хурандаа генерал Шюй Чилян Монгол улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг хүлээн авч уулзаж, хоёр улсын цэргийн хамтын ажиллагааны талаар ярилцав. Айлчлалын хугацаанд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Жанжякөү хотын Жанбэй хошуун дахь Монгол-Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, тус цогцолборт байрладаг музейд Чөлөөлөх дайны үед хэрэглэж байсан монгол цэрэг дайчдын зэвсэг, хувцас, хэрэглэлийг шилжүүлэн өглөө. Мөн Жухай дахь Макаогийн цэргийн ангийн сургалтын төв, Шэньжэнь хот дахь “Hytera” холбооны техник хэрэгслийн компани болон “Поли” батлан хамгаалах аж үйлдвэрийн компаний үйл ажиллагаатай тус тус танилцлаа.