БЕЛЬГИЙН ВАНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД МАРК ВИНКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-10-27

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Бельгийн Вант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Марк Винкийг хүлээн авч  уулзав.

Элчин сайд Д.Ганхуяг ноён Марк Винк-д Бельгийн Вант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд, Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд Д.Ганхуяг Белги улсад Монгол Улсын 1100 орчим иргэн оршин сууж байгааг дурдаад, иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай хэлэлцээр байгуулах үйл явц, Монгол орны баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг сайжруулах төслийн хоёрдахь шатны санхүүжилтийн асуудал, Бельги улсад Монголын соёлын төвийг нээх зэрэг асуудлаар ярилцав.

Элчин сайд М.Винк 2017 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ИЖБ барих бөгөөд мөн үеэр зохион байгуулагдах Европын холбоо болон түүний гишүүн орнуудын Элчин сайд нарын уулзалтад оролцохоо мэдэгдэв. Тэрээр цаашид хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны төслийн хэрэгжилт болон иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай хэлэлцээрийн асуудлаар монголын талын холбогдох байгууллагатай санал солилцохоо илэрхийлэв.

Монгол Улс Бельгийн Вант Улстай 1971 оны 7 дугаар сарын 8-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд хоёр тал дипломат харилцаа тогтоосны 46 жилийн ой тохиож байна.