БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ж.БАТСУУРЬ БНХАУ-ЫН ЗАРИМ ЯАМДЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

2017-05-16

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг дагалдан БНХАУ-д айлчлах, “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцох үеэрээ 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр БНХАУ-ын Соёлын сайд Луо Шуган, Шинжлэх ухаан, технологийн дэд сайд Ван Жиган нартай уулзав.

Batsuuri 1

Соёлын сайд Луо Шугантай хийсэн уулзалтын үеэр сайд нар хоёр улсын соёлын байгууллагуудын хооронд урлагийн тоглолт, үзэсгэлэн харилцан зохион байгуулах, археологийн судалгаа, шинжилгээ хамтран хийх зэрэг асуудлаар санал солилцож,  соёл, урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах, яамд хоорондын соёлын хамтын ажиллагааны 2018-2021 оны төлөвлөгөөг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцов.

Шинжлэх ухаан, технологийн дэд сайд Ван Жигантай хийсэн уулзалтын үеэр сайд нар хоёр улсын шинжлэх ухаан, инновацийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, тухайлбал шинжлэх ухааны парк, инкубатор, технологи дамжуулах төв, хамтарсан лаборатори байгуулах, залуу эрдэмтдийг дадлагажуулж мэргэшүүлэх зэрэг  асуудлаар ярилцав.

Batsuuri 2

Уулзалтын дараагаар сайд нар Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хоорондын  “Залуу эрдэмтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.