ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ БНХАУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2017-05-11

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Гуо Шөнкүний урилгаар 5 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд  БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна.

С.Бямбацогт, Гуо Шөнкүнь сайд нар 5 дугаар сарын 8-ны  өдөр хийсэн хэлэлцээний үеэр хоёр улсын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар санал солилцож, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хооронд 2017-2021 онд хамтран ажиллах үйл ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурав. Уг хөтөлбөрийг байгуулснаар хоёр улс хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн шинэ боломж нээгдэж байна.

byambatsogt 2

Сайд нар түүнчлэн Монгол, Хятад, Орос гурван улсын хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар ярилцаж,  гурван улсын хил хамгаалах байгууллагууд "Дархан хил-2017" хамтарсан сургуулийг энэ онд хийхээр төлөвлөж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт айлчлалын хүрээнд Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төр, хууль зүйн хорооны Нарийн бичгийн дарга Мөн Жяньжу, БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь нартай мөн уулзав.

men

С.Бямбацогт сайд, Мөн Жяньжу Нарийн бичгийн дарга нар Монгол, Хятадын харилцаа улс төр, эдийн засаг төдийгүй хууль сахиулах салбарт эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэж, хууль сахиулах салбарын хамтын ажиллагаа нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд чухал үүрэгтэй болохыг онцлон тэмдэглэв.

微信图片_20170510113705

С.Бямбацогт сайд БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюньтэй уулзах үеэрээ хоёр талын хууль зүйн салбарын хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх  талаар ярилцав. Тухайлбал, гэмт хэргээс урдчилан сэргийлэх, ялангуяа хар тамхи, хүн худалдаалах гэмт хэрэгтэй хамтран тэмцэх чиглэлийн мэдээлэл солилцоог нэмэгдүүлэх, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, ялтан шилжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, хоёр яамны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцов.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тэргүүтэй төлөөлөгчид айлчлалын хүрээнд ӨМӨЗО-нд зочилж хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав.