МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА КОНСУЛУУДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ.

2017-06-20

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Консулуудын зөвлөлдөх уулзалт 2017 оны 06-р сарын 20-ны өдөр Хөх хотод суугаа ЕКГ-ын байранд зохион байгуулагдлаа. Уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга, зөвлөх Р.Азбаяр, Хонгконгт суугаа Ерөнхий консул С.Эрдэнэ, Эрээнд суугаа Консул Л.Золзаяа, Хайлаарт суугаа Консул Д.Ганболд, Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ, Консул Б.Багахүү, Консул С.Ариунтуяа, Дэд консул Б.Батзориг, Атташе Д.Бямбаа нар оролцлоо.

DSC_3080

Уулзалтын эхэнд Элчин сайд Д.Ганхуяг зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ “Консулын зөвлөлдөх уулзалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг байхаар тогтож, өнгөрсөн жилийн 12-р сард зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан. ГХЯ-ны Консулын газар болоод бодлогын газрууд бидний хийж буй уулзалтыг өндрөөр үнэлж, уулзалтын мөрөөр хийж гүйцэтгэх ажил, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг даван гарах арга зам, иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж буйд сайшаалтай хандаж байгаа” тухайгаа илэрхийллээ.

DSC_3074

DSC_3071

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт үр дүнтэй, ажил хэрэгч уур амьсгалд болж өнгөрлөө. Уулзалтаар иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэл болоод суугаа орны улс төр, эдийн засаг, хоёр улсын хамтын ажиллагааны чиглэлээр ДТГ-ууд тогтмол Танилцуулах мэдээ, танилцуулга бэлтгэн хүргүүлж байх асуудлыг ярьж хэлэлцсэн бөгөөд хорих ял эдэлж буй иргэд, эрүүгийн болон иргэний гэмт хэрэгт холбогдсон иргэдэд өмгөөлөл үзүүлэх асуудлыг хэрхэн үзүүлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах ажлыг шинэ шатанд гаргах асуудлыг авч хэлэлцэн, тодорхой шийдэлд хүрч чадсан уулзалт боллоо хэмээн дүгнэсэн байна. Дараагийн Консулуудын зөвлөлдөх уулзалтыг Хонгконг дахь ЕКГ-т 2017 оны 12-р сард хийхээр тогтсон байна.