БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Сюй Цилян Монгол Улсын ЗХЖШ-ын дарга Д.Даваатай уулзав.

2016-10-14

БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга хурандаа генерал Сюй Цилян тус улсад албан ёсны айлчлал хийсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал Д.Давааг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 16:30-17:10 цагт Хятадын БХЯ-ны төв байр “Ба-и” ордны хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Сюй Цилян хэлсэн үгэндээ “...Цэргийн бүх түвшиний харилцан айлчлал, солилцоо нь цэргийн итгэлцлийг тасралтгүй гүнзгийрүүлж ирлээ. Хоёр талын хамтран хэрэгжүүлсэн 9 удаагийн зөвлөлдөх уулзалт, 3 удаагийн хамтарсан цэргийн сургууль зэрэг механизмын хэлбэртэй арга хэмжээнүүд нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улам урагшлуулсаар ирлээ.

Хятадын тал хоёр улсын харилцааг иж бүрнээр хөгжүүлэхийн тулд, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад томоохон хувь нэмэр оруулахын тулд, Монголын талын хамтаар хоёр орны удирдагчдын харилцан хүрсэн тохиролцоог хэрэгжүүлж, хоёр зэвсэгт хүчний стратегийн холбоо хэлхээг улам бэхжүүлэн, бүх салбарт бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр талын цэргийн харилцааг шинэ шатанд гаргахыг хүсч байна...” гэж онцлон тэмдэглэв.

Уулзалтанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг, БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга Д.Ганзориг, ЗХЖШ-ын Тусгай төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Даваадорж, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын орлогч дарга хурандаа Ш.Амарбаясгалан, 167 дугаар нэгтгэлийн захирагч Ө.Эрдэнэ-Очир, ЗХЖШ-ын даргын шадар туслах Г.Золбадрах, Цэргийн атташе Б.Ганзориг, Цэргийн атташегийн туслах Д.Энхтүвшин нар байлцлаа.

Хошууч генерал Д.Даваа тэргүүтэй цэргийн төлөөлөгчид айлчлалын үеэр Юньнань мужийн Куньмин хот д

ахь уулын цэргийн боловсон хүчин бэлтгэх дээд сургуульд зочилж, тус сургуулийн үйл ажиллагаатай танилцав.