Элчин сайд Д.Ганхуяг “COTTM 2019” олон улсын үзэсгэлэнгийн нээлтэд оролцов

2019-04-16

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг 4 дүгээр сарын 15-ний өдөр Бээжин хотноо зохион байгуулагдсан “COTTM 2019” (China Outbound Tourism and Travel Market) олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, үг хэлэв.

Элчин сайд Д.Ганхуяг хэлсэн үгэндээ “2019 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан хоёр тал 70 тодорхой арга хэмжээ хамтран зохион байгуулахаар ажиллаж буйг тэмдэглээд, Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлж, бүтээн байгуулалтын байгаль орчинд ээлтэй хөгжлийн төслүүдийг хөхүүлэн дэмжиж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа”-г онцлов.

COTTM олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс гурав дахь жилдээ оролцож байгаа бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Иргэний агаарын тээврийн МИАТ төрийн өмчит компани болон аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд зэрэг 20 гаруй төлөөлөл оролцов.