Элчин сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Зүүн хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагааны дээд түвшний дугуй ширээний уулзалтад оролцов.

2019-09-18

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 8 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Жилинь мужийн Чанчүнь хотноо Зүүн хойд Азийн 12 дахь удаагийн үзэсгэлэн яармагийн хүрээнд зохион байгуулагдаж буй Зүүн хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагааны дээд түвшний дугуй ширээний уулзалтад оролцов. Уулзалтад монголын талаас Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Төв аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл болон бусад холбогдох төлөөлөгчид оролцов. Дугуй ширээний уулзалтыг хятадын талаас Жилинь мужийн Намын хорооны орлогч дарга, мужийн дарга Жин Жюньхай ахалж, ОХУ-ын Алтайн хязгаар, Эрхүү муж, БНАСАУ-ын Расон хот, Япон Улсын Мияги муж, БНСУ-ын Чүнчон муж зэрэг муж, хотуудын төлөөлөгч нар оролцож, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг цогцлоох, харилцан итгэлцэл, солилцоог бэхжүүлэх зэрэг олон асуудлаар санал солилцов. Элчин сайд Д.Ганхуяг БНХАУ-ын Жилинь мужийн Намын хорооны дарга Баянчулуутай товч уулзаж, хоёр талын орон нутаг хоорондын харилцааг эрчимжүүлэх хүсэлтэй буйг илэрхийлэв.

Энэхүү дугуй ширээний уулзалтын хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр Элчин сайд Д.Ганхуяг үг хэлж, Зүүн хойд Азийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, шат ахиулахыг уриалав. Тэрээр хэлсэн үгэндээ Зүүн хойд Азийн үзэсгэлэн яармаг нь тус бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, энэхүү механизм шинэ мэдлэг, мэдээлэл хуваалцах чухал индэр болж буйг онцлов. Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйг тэмдэглэж, Хятадын улстай 70 жилийн турш найрсаг харилцааг амжилттай хөгжүүлсний адилаар Монгол Улс Зүүн хойд Азийн бусад улс оронтой харилцан итгэлцсэн, бие биенээ хүндэтгэсэн найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдгийг илэрхийлэв. Элчин сайд Д.Ганхуяг Монгол Улс, Зүүн хойд Азийн улс орнуудтай хамтран ажиллах, хамтдаа хөгжих өргөн боломж байгаа гэдгийг онцолж, худалдааг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэх, дамжин өнгөрөх тээврийн боломжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулах, иргэд хоорондын харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх зэрэг чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь зүйтэй хэмээн илэрхийлэв. Түүнчлэн Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг шат ахиулахад Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан бүс нутгийн шинж чанартай, томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх шаардлагатай болохыг тэмдэглэж, “Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ” байгуулахад тус бүс нутгийн улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн буйг илэрхийлэв.

Уулзалтын үр дүнд талууд санал нэгдэж, “Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалтын Чанчүний нэгдсэн ойлголцол” хэмээх баримт бичгийг гаргасан байна.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам