ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛОВ

2017-04-26

Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн 2 дугаар хуралдаан 4 дүгээр сарын 25-ны өдөр Бээжин хотноо болов.

Хуралдаанд Монголын талаас тус зөвлөлийн Монголын хэсгийн дарга Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тэргүүтэй УУХҮЯ, ЭХЯ, СЯ, ГХЯ, ЭСЯ-ны төлөөлөл,  Хятадын талаас Хөгжил, шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жиже тэргүүтэй ГХЯ, Эрчим хүчний газар, Төмөр замын газар, Хөгжлийн банк, Экспорт, импортын банк, холбогдох аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

DSC_7565

DSC_7561

Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх боломж их бөгөөд хамтын ажиллагааны хөгжилд тус зөвлөл чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж буйгаа хуралдааны үеэр хоёр тал илэрхийлэв.

Хоёр улсын төлөөлөгчид хоёр талын хамтын ажиллагааг цаашид эрчимтэй гүнзгийрүүлэх үүднээс Тавантолгой, Шивээ-Овоо зэрэг төслүүд, Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр замын бүтээн байгуулалт, одоо ашиглаж буй төмөр замын нэвтрүүлэх чадавхийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах, холбогдох боомтуудын зэрэглэл, статусыг дээшлүүлэх, хоёр улсын агаарын орон зайгаар дамжин өнгөрөх нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг өргөжүүлэх, “Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хүчин чадлын хамтын ажиллагааг бэхжүүлэх Санамж бичиг байгуулах” зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцож, хэлэлцсэн асуудлаар Протокол байгуулав.