ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН БНХАУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

2019-06-04

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан 2019 оны 6 дугаар сарын 3-4-ий өдрүүдэд БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөө тосгодын яамны сайд Хан Чан Фу-гийн урилгаар БНХАУ-д ажлын айлчлал хийв. Айлчлалын бүрэлдэхүүнд ГЕГ-ын дарга С.Асралт, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл болон ХХААХҮЯ-ны холбогдох газар, хэлстийн удирдлагууд оролцов. Сайд Ч.Улаан БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шаньтай уулзаж хоёр талын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. БНХАУ-ын ХААХТЯ-ны дэд сайд Чү Дунютэй хэлэлцээ хийж, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ван Линсяотай хоёр талын уулзалт хийв. “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурав. Мөн Худалдааны яамны зөвлөх сайд Рэн Хунбин, ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ай Лихуа нартай хамтран Монгол, Хятадын 3 дахь удаагийн ЭКСПО үзэсгэлэн яармагийг зохион байгуулах тухай хэвлэлийн бага хурлыг БНХАУ-ын Худалдааны яаманд зохион байгуулж, арга хэмжээний бэлтгэл, агуулга, цар хүрээний талаар мэдээлэл өгч, хятадын болон монголын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн асуултад хариулав.

Айлчлалын үеэр яригдсан гол асуудалд Монгол Улсаас БНХАУ-д экспортлох ХАА-н бүтээгдэхүүн, тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, малын дайвар бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүний экспортын эрх зүйн үндсийг бүрдүүлэх, органик хүнсний баталгаажуулалтын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлж, Монгол Улсын баруун бүсийн зарим аймагт 2016 онд дэгдсэн бог малын мялзан өвчинтэй холбоотой салаа туурайтай малын маханд тавьсан түр хоригийг цуцлуулах, БНХАУ руу бүтээгдэхүүнээ гаргах сонирхолтой Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд эрсдэлийн үнэлгээ хийх, бүртгэлд оруулж эрх зүйн орчныг бүрдүүлэхэд жил тутамд хяналт, шалгалтын багийг Монгол Улсад томилж ажиллуулж байх, “Монгол-Хятадын Экспо” 3 дах удаагийн арга хэмжээг 2019 оны 09 дүгээр сарын 06-наас 10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хот, Улаан цав хотуудад зохион байгуулах, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөө тосгодын яам хоорондын Ажлын хэсгийн 7 дугаар хурлыг 2019 оны 07 дугаар сарын эхний хагаст багтаан Улаанбаатар хотноо зохион байгуулах тухай ярилцаж нэгдсэн ойлголтод хүрэв. БНХАУ-ын Засгийн газраас олгож буй хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй төслүүдийг эрчимжүүлэх, 2020 он гэхэд хоёр талын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх тохироцоог нотлов.