Хятадын дипломат зохиолчдын “МОНГОЛ, ХЯТАДЫН ДУРСАМЖУУД” номын нээлт Бээжин хотноо болов

2019-04-04

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Хятадын дипломат зохиолчдын “Монгол, Хятадын дурсамжууд” номын нээлтийн ёслолын ажиллагаа 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Бээжин хотын Сунжуан урлагийн галерейд болов. Арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Гадаад харилцааны сайдын зөвлөх Г.Амартүвшин, хятадын талаас БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын зөвлөх Шюэ Жянь, БНХАУ-аас Монгол Улсад сууж асан Элчин сайд Хуан Жякүй зэрэг ахмад дипломатууд оролцов. Энэхүү ёслолын арга хэмжээний үеэр тус номыг бүтээлцэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан БНХАУ-аас Монгол Улсад сууж асан Элчин сайд Хуан Жякүй сэтгэгдлээ хуваалцав. Тэрээр “энэхүү номыг Монгол, Хятадын найрсаг харилцааг хөгжүүлэхэд өөрийн биеэр хүчин зүтгэж байсан үе үеийн дипломатууд бичсэн бөгөөд сэтгэл хөдөлгөм түүхэн явдлууд уншигч олныг тухайн цаг үед аваачина” хэмээн илэрхийлэв. Түүнчлэн Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж, өдгөө Иж бүрэн стратегийн түншлэлд хүрснийг онцолж, хоёр улсын хамтын ажиллагааны ирээдүй улам сайхан болно гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв. Номын нээлтийн ажиллагааны үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр улсын харилцааг хөгжүүлэх чин эрмэлзэлтэй хүндэт зочдод номын дээжийг өөрийн гарын үсгийн хамт дурсгав.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ