ХЯТАДЫН НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ХҮНДЭТ ГИШҮҮН, ПРОФЕССОР Ж.РЕНЧИНДОРЖ-Д ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.

2017-10-28

 Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонг БНХАУ-ын иргэн, Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн хүндэт гишүүн, профессор Ж.Ренчиндоржид гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

14

10

8

5

6

Хятадын олон улсын радиогийн мэдээг энд дарж сонирхоно уу.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНД ЭЛЧИН САЙД Д.ГАНХУЯГИЙН ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт зочид оо,

Эрхэм хүндэт монгол судлаачид аа,

Хатагтай, ноёд оо,

Монгол Улсын төрийн дээд шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, олон улсын Монгол судлалын холбооны 30 жилийн ойн өдрийн баярын мэндийг хүргэе.

Хатагтай, ноёд оо,

Мөнхийн хөрш, уул усаар холбогдсон БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд нийгмийн бүхий л салбарт амжилттай хөгжиж байна.

Монгол-Хятадын харилцааг шинэ агуулгаар баяжуулах, өндөр, дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулж, хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хоёр ард түмний найрамдал, харилцан итгэлцэлийг бэхжүүлэхийг чухалчлан үздэг. Мөн монгол судлалыг хөгжүүлэх, үндэсний зан заншил, хэл, түүх, соёлыг суугаа орондоо сурталчлах, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

2019 онд Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. 2017-2018 онд энэхүү тэмдэглэлт ойн баярын бэлтгэл ажлын хүрээнд хоёр орны ард иргэдийн харилцан солилцоог улам идэвхжүүлэх, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэг, байгаль орчин, аялал жуулчлал, эрдэмтэн судлаачдийн хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн тодорхой ажлуудыг дэс дараатай хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хуралдааныг энэ оны сүүлээр БНХАУ-д зохион байгуулахаар хоёр тал бэлтгэл ажилдаа ороод байна.

Бид бүгдээрээ Монгол, Хятадын найрсаг харилцааны түүхийг бичигсэд билээ. Хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хатагтай, ноёд оо,

Даяаршлын үйл явцын хүрээ улам тэлж, улс хоорондын харилцан хамаарал гүнзгийрч байгаа өнөө үед үндэсний түүх, өв соёл, зан заншил, урлагийн уламжлал, оюун санааны үнэт зүйлс, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, спортын ололт амжилтыг дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газраас 2016 онд баталсан билээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бид үндэснийхээ өв уламжлал, түүх, соёлыг дэлхий нийтэд таниулан түгээх, Монгол судлал болон энэ чиглэлээр суралцаж буй гадаадын оюутан, судлаачид, залуусыг дэмжихэд онцгой анхаарч тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна.

Миний бие санаачлан “Их Юань Гүрний Нэн Ховор Түүхэн Дурсгалууд” үзэсгэлэнг Улаанбаатар хотноо дэлгэн толилуулахаар бэлтгэж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү үзэсгэлэн арга хэмжээ нь Юань гүрний түүх, соёлтой танилцах боломжийг олгохоос гадна Монгол, Хятад хоёр орны найрсаг харилцаа, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, ард иргэдийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Цаашид Монголын урлаг, соёл, түүхийг гадаадад сурталчилж, түгээн таниулах, хоёр орны соёлын солилцоог хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж, боловсрол, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, хүүхэд залуусын харилцан солилцоог бүх талаар урагшлуулах, ард түмний найрамдал, Монгол, Хятадын найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Та бүхний дэмжлэг туслалцаа чухал билээ.

Хүндэд зочид оо,

Өнөөдөр Та бүхний хамтаар Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонг БНХАУ-ын иргэн, Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн хүндэт гишүүн, профессор Ж.Ренчиндоржид гардуулах нэр хүндтэй үүргийг биелүүлж байгаадаа Элчин сайд би туйлын бахархалтай байна.

Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн хүндэт гишүүн, профессор Ж.Ренчиндорж бол монгол аман зохиол, хятадын үндэстнүүдийн тууль судлаач бөгөөд ялангуяа монгол тууль судлалаар дэлхий дахинд алдартай эрдэмтэн, Хятад дахь тууль судлалыг үндэслэгчдийн нэг юм.

Ж.Ренчиндорж 1936 онд ӨМӨЗО-ны Баруун Баарин хошууны Шавартай хэмээх газар төржээ. Тэр Хайлаар дахь ахлах сургууль, МУИС-ийн монгол хэл утга зохиолын салбарыг төгссөн бөгөөд МУИС-д суралцах хугацаандаа Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Ш.Лувсанвандан, Б.Содном зэрэг монголын томоохон эрдэмтдээс номын дуу сонссон. Тэрээр 1960 онд Хятадын ШУА-ийн Утга зохиолын хүрээлэнд ирж Хэ Чифан, Жи Шяньлин зэрэг нэрт эрдэмтдийн хамт ажиллаж, монгол уран зохиол, аман зохиолын судалгаагаа эхлүүлж, Хятад дахь монгол тууль судлалын тулгын чулууг тавилцжээ. 1980 оноос алдарт монголч эрдэмтэн В.Хайссигтай удаан хугацаагаар хамтран ажиллаж, улмаар өрнө дахины аман зохиол судлалын онол арга зүйг монгол тууль судлалд идээшүүлэн хэрэглэж, монгол тууль судлалыг гүнзгийрүүлэн хөгжүүлжээ.

Ж.Ренчиндорж монгол аман зохиол, ялангуяа монгол туулийг 60 шахам жил судалж “Жангарын судлал”, “Монгол баатарлаг туулийн товчоо”, “Монгол баатарлаг туулийн хөгжлийн түүх” “Монгол баатарлаг туулийн чуулган” зэрэг тууль судлалын 40 гаруй ном хэвлүүлж, эрдэм шинжилгээний өгүүлэл 100 гаруйг нийтлүүлжээ.

Мөн Д.Нацагдорж, Б.Ренчин зэрэг Монголын зохиолчдын бүтээлийг судлан шинжилсэн эрдэм шинжилгээний өгүүлэл нийтэлж, “Хятадын нэвтэрхий толь”-ийн анхдугаар хэвлэл дэх Монгол улсын уран зохиолын зурвасуудыг бичиж, Хятадын ард түмэнд Монгол улсын уран зохиолыг танилцуулжээ.

Ж.Ренчиндорж олон жил Хятадын НШУА-ийн Үндэсний утга зохиол судлах хүрээлэнгийн дэд захирал, Хятадын “Жангар” судлалын нийгэмлэгийн дэд тэргүүлэгч зэрэг албан тушаал хашиж, 1987-2016 он хүртэл Олон улсын монгол судлалын холбооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

Ж.Ренчиндоржийн эрдэм шинжилгээний бүтээлийг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасан.

Профессор Ренчиндоржид уран бүтээлийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Анхаарал тавьсанд баярлалаа.