Монгол, Хятадын 3 дахь удаагийн ЭКСПО

2019-09-10

Монгол, Хятадын 3 дахь удаагийн ЭКСПО БНХАУ-ын ӨМӨЗКО-ны Хөх хот, Улаанцав хотуудад 2019 оны 9 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.
“Монгол-Хятадын 3 дахь удаагийн Экспо” арга хэмжээ нь “Бүс ба зам” санаачлагын хүрээнд “Хятад-Монгол-Оросын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулъя” уриатайгаар зохион байгуулагдав.

Энэ удаагийн ЭКСПО нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр тал онцгой ач холбогдол өгч, агуулга, цар хүрээний хувьд урьд өмнөхөөс өргөн дэлгэр боллоо. Уг арга хэмжээнд оролцсон албаны төлөөлөгчдийг Монголын талаас Шадар сайд Ө.Энхтүвшин, Хятадын талаас Бүх Хятадын Ардын Их Хурлын дэд дарга Бай Ма Чилин нар тэргүүлэн оролцов.

Экспогийн үйл ажиллагааг Монгол Улсын ГХЯ, ХХААХҮЯ, хятадын талаас ӨМӨЗО-ны Ардын засгийн газар болон түүний холбогдох байгууллага удирдан зохион байгуулав.

3 дахь удаагийн ЭКСПО нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт гэсэн үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд “Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны дээд түвшний форум”-ын нэгдсэн чуулга уулзалт, “Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”, “Монгол Улс–Хонконг–Макао–ӨМӨЗО-ны эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны хурал”, “Стандартчиллын форум”, “Хууль зүйн үйлчилгээний хамтын ажиллагааны форум”, “Монгол, Хятадын хамтарсан технологи дамжуулалт ба инновацийн хамтын ажиллагаа хоёр дахь удаагийн форум”, “Ноолуурын салбарын хөгжлийн өндөр түвшний олон улсын форум” салбар чуулга уулзалтууд, “Монгол-Хятадын боловсролын үзэсгэлэн”, хоёр талын аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдав. “Монгол-Хятадын Экспо” гурав дахь удаагийн арга хэмжээнд Монгол Улсаас 450 аж ахуй нэгж, 1200 орчим зочид төлөөлөгч оролцож, өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, үйл ажиллагаагаа сурталчлах нөхцөл боломжоор хангагдсан байна. Мөн энэ удаагийн ЭКСПО-д монгол, хятад хоёр талаас гадна ОХУ-ын Красноярски муж, БНСУ, Израил зэрэг улс орны төлөөлөгчид, аж ахуйн нэгж оролцсон нь арга хэмжээний цар хүрээг өргөтгөсөн, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ тавцанг нээгдэж байгааг харуулсан гэж хоёр тал дүгнэв. ЭКСПО нь хоёр орны худалдаа эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.