Монгол, Хятадын зураачдын тосон зургийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт Бээжин хотноо болов

2019-04-04

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол, Хятадын зураачдын тосон будгийн зургийн үзэсгэлэнгийн нээлт 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Бээжин хотын Сунжуан урлагийн галерейд болов.

Үзэсгэлэнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Гадаад харилцааны сайдын зөвлөх Г.Амартүвшин, хятадын талаас БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын зөвлөх Шюэ Жянь, Хятадын Соёлын яамны Соёл, урлагийн боловсон хүчний газрын Намын хорооны нарийн бичгийн дарга Жао Шудан зэрэг албаны хүмүүс байлцав.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар уг арга хэмжээг нээж үг хэлэв.

Тэрээр Монгол Улс, БНХАУ-ын харилцаа өнө удаан жилийн түүхтэй болохыг дурдаж, хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж, энэхүү тосон зургийн хамтарсан үзэсгэлэн зохион байгуулж буйд баяртай байгааг илэрхийлэв. Түүнчлэн урлагт хэл ярианы саад, хязгаар гэж үгүйг онцолж, урлагаар дамжуулж хоёр орны ард иргэд нэг нэгнээ илүү сайн ойлгох, бие биений дотоод ертөнцөөр аялах боломж олгодог гэдгийг онцлов. Тэрээр хэлсэн үгэндээ “Зураачид та бүхний энд тавигдсан гайхалтай бүтээлүүд нь олон жилийн нөр их хүч хөдөлмөр билээ. Үүний адил монгол, хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, өдгөө Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, хамтдаа 70 жилийн ойгоо тэмдэглэж буй нь манай хоёр улсын дипломатуудын ажлын үр дүн” гэдгийг илэрхийлэв.

Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол, Хятадын 30 гаруй зураачдын шилдэг бүтээлүүд тавигдсанаас гадна 70 орчим уран бүтээлийг олон нийтэд дэлгэн толилуулжээ.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ