Монгол Улс, БНХАУ-ын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийв

2019-04-25

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг албан ёсоор угтах ёслолын арга хэмжээ 2019 оны 4 дүгээр сарын 25-ний өдөр БНХАУ-ын АИХ-ын ордонд болов. Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар Монгол, Хятадын улс төрийн харилцаа, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцов.

Монголын тал 2019 онд Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ шинэчлэн байгуулсаны 25 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй гурав дахь удаагаа уулзаж, 70 жилийн хугацаанд хамтын ажиллагааны хүрсэн ололт амжилтаа дүгнэж, цаашдын зорилт, чиглэлээ тодорхойлж буй чухал ач холбогдолтой айлчлал болж буйг тэмдэглэв.

Мөн хоёр талын хамтын ажиллагаа нь “хөгжлийн төлөөх харилцан ашигтай, түншлэлийн харилцаа”-ны үзэл санааны дагуу цаашид улам гүнзгийрэн хөгжиж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэх нь хоёр ард түмний эрх ашиг төдийгүй, бүс нутгийн хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэхийг илэрхийлэв.

Хятадын тал хоёр орон уул, усаар холбогдсон сайн хөрш, сайн анд, сайн түнш, бөгөөд талуудын харилцаа хурдацтай хөгжиж, хөгжлийн шинэ шатанд хүрсэнийг тэмдэглэж, Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа нь цаашид харилцан хүндэтгэсэн, харилцан итгэлцсэн стратегийн түнш, харилцан ашигтай хамтдаа хожих түнш, ойр дотно, найрсаг түнш, харилцан бие биендээ тусалж, дэмждэг олон талт хамтын ажиллагааны түнш байж, шинэ эрин үеийн шаардлагад нийцсэн Монгол, Хятадын харилцааг бий болгоход бэлэн буйгаа илэрхийлэв.

Талууд улс төрийн удирдан чиглүүлэх, стратегийн яриа хэлцээгээ бэхжүүлж, өндөр түвшний болон бүхий л салбарын солилцоог хадгалж, олон улс, бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй оролцож, яриа хэлэлцээгээ нэмэгдүүлж, бүс нутгийн энхтайван тогтвортой байдал, хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамтдаа хамгаалахаа илэрхийлэв.

Талууд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд олон чухал арга хэмжээ зохион байгуулж, хамтын ажиллагааны механизмуудыг сайтар ашиглаж худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын бодит хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхээ илэрхийлэв.

Түүнчлэн худалдааны бүтцийг сайжруулах, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, дамжин өнгөрөх тээвэр, хүмүүнлэг, гурван талт хамтын ажиллагааг урагшлуулахад бэлэн буйгаа илэрхийлэв.

Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Төрийн тэргүүн нар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцов.

Энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр тал Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөө, “Хөгжлийн зам" болон “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол, Хятадын үзэсгэлэн хамтран зохион байгуулах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг нийт 18 баримт бичиг байгуулав.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ