Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхав

2019-04-24

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ шинэчлэн байгуулсаны 25 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2019 оны 4 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд тус улсад Төрийн айлчлал хийж, “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга, уулзалтанд оролцож байна. Төрийн айлчлалын хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхав.

Уулзалтаар талууд хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа улс төр, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн хүрээн дэх харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Талууд бие биеийн язгуур эрх ашгаа харилцан хүндэтгэж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь хоёр орны харилцааг хөгжүүлэх үндэс суурь болохыг дахин нотолж, хоёр орны худалдааны бүтцийг сайжруулах, экспортыг төрөлжүүлэх, хөдөө аж ахуй зэрэг уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй саадыг бууруулах, хоёр талын боомтын хүчин чадал, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, гурван талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.

Хятадын тал Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ удаагийн төрийн айлчлал нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд шинэ хөдөлгөх хүч болж буйг онцлон тэмдэглэж, талуудын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байгааг илэрхийлэв.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ