Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар албан ёсны хэлэлцээ хийв

2019-04-03

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй 4 дүгээр сарын 2-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.

Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглэж, бие биеийн язгуур эрх ашгийг хүндэтгэж, харилцан итгэлцлээ бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Талууд энэ онд Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсаны 25 жилийн ой тус тус тохиож буйг онцлоод энэ хүрээнд улс төр, худалдаа, соёл, хүмүүнлэг, орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр олон чухал арга хэмжээг хамтран хэрэгжүүлж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлж, хоёр талын худалдааны хэмжээг 2018 онд хүрсэн амжилтыг ахиулж, улам нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг сайжруулах, экспортыг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй хориг саадыг бууруулах чиглэлд хамтарч ажиллах талаар санал солилцов.

Мөн БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн явцыг түргэтгэх, энэ хүрээнд Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг барих, 1008 айлын орон сууц барих, махны үйлдвэр барих зэрэг төслүүдийн талаар санал солилцож, Монгол Улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Хятадын хэрэглэгчдэд хүргэх зорилгоор хоёр тал хамтран экспо, үзэсгэлэн яармаг зохион байгуулах, Хятадад зохион байгуулагддаг олон улсын экспо, үзэсгэлэнд идэвхтэй оролцох зэрэг бүтээлч, бодит хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар тохиролцов.

Түүнчлэн соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, олон улс, бүс нутгийн хүрээнд хамтран ажиллаж, “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөр, “Бүс ба Зам” санаачилгын уялдааг сайтар хангаж, Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, гурван талын бодит хамтын ажиллагааг урагшлуулахад бэлэн байгаагаа талууд илэрхийлэв.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ