САЙД НАРЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

2016-12-09

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Элчин сайд Б.Дэлгэрмаа нар Москва хотноо зохиогдож буй Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын бага хурлын албан ёсны нээлтийн ажиллагаанд 12 дугаар сарын 8-ны өдөр оролцов.

hhhh

Ази, Номхон далайн бүс нутгийн 30 гаруй орны Тээврийн сайд нарын түвшинд 4 жил тутам зохиогддог тус бага хурал нь бүс нутгийн тээврийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Энэ удаагийн бага хурлаар бүс нутгийн тээврийн хөгжлийн чиг хандлага, хүрээлэн буй орчинд ээлтэй тээврийг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хотын зорчигч тээврийг хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж, “Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой тээврийн харилцан хамаарлын хөтөлбөр”-ийг батлах юм.

 

Сайд нарын бага хурлын үеэр “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гурван улсын Тээврийн яамны удирдлага гарын үсэг зурж, хурлын төлөөлөгчдөд хандан хэлэлцээрийн ач холбогдлын талаар үг хэлэв. Тус хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэрийг дамнасан автозамын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчин бүрдэж, ачаа эргэлт, худалдааны хэмжээг нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдэж байна.