“Торгоны зам”-ын Соёлын өвийн шилдэг үзмэрийн үзэсгэлэнгийн нээлт болов

2019-04-11

“Бүс ба Зам”-ын дагуух улс орнуудын Үндэсний музейн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хятадын Үндэсний музейд зохион байгуулагдаж буй “Торгоны зам”-ын соёлын өвийн шилдэг үзмэрийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг оролцов. Уг үзэсгэлэнд Монгол Улс, ОХУ, БНКазУ, Япон Улс, БНСУ зэрэг нийт 13 орны Үндэсний музейд хадгалагдаж буй торгоны замын соёл, иргэншилтэй холбоотой соёлын өвийн дээжис болох нийт 234 онцгой үзмэрийг танилцуулав. Арга хэмжээнд БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Жан Шү, Соёлын өвийн газар, Хятадын Үндэсний музейн захирал болон БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөгчид оролцов. Уг үзэсгэлэн Монгол Улсын Үндэсний музейн 15 үзмэрийг олон нийтэд толилуулж байгаа бөгөөд 4 дүгээр сарын 11-нээс 7 дугаар сарын 14-ний өдрүүдэд Бээжин хотноо Хятадын Үндэсний музейд дэлгэн үзүүлнэ.

Нээлтийн арга хэмжээний үеэр Элчин сайд Д.Ганхуяг БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Жан Шү-д Монгол Улсын Үндэсний музейн үзмэрүүдийг танилцуулж, талуудын хамтын ажиллагаа, Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ