БЭЭЖИН ХОТНОО “ТРАНЗИТ МОНГОЛ-2017” ФОРУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2017-04-07

Бээжин хотноо Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” хамтран “Транзит Монгол-2017” форумыг 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулж байна. Уг форумд ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, ОХУ-ын Тээврийн яамны харъяа Холбооны төмөр замын агентлагийн орлогч дарга И.В.Мицук, БНХАУ-ын Төмөр замын газрын Гадаад хамтын ажиллагааны орлогч дарга Ван Зя ю нар оролцов.

 DSC_0086

Энэхүү арга хэмжээнд баяр хүргэж Монгол Улсын Ерөнхий сайд илгээлт ирүүлснийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг уншиж танилцуулав.

DSC_0094

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИЛГЭЭЛТ

“Транзит Монгол – 2017” форумд

“Транзит Монгол-2017” форумд оролцогч эрхэм хүндэт төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсын Их Хурлын 2016 онд батлагдсан, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, бодлогын бичиг баримтын хүрээнд эдийн засгийн өсөлтийг хангах, зам, тээвэр, ложистикийн сүлжээ, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны 8 дугаар сард Монгол Улсад хийсэн Төрийн айлчлалын үеэр 1991 оны “Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулсан билээ.

Энэхүү хэлэлцээрийн дагуу Хятадын Зүүн хойд бүс нутгийн гадаад худалдаанд нээлттэй боомтуудыг далайд гарцгүй Монгол Улсын ачааг далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэрт ашиглахаар тохирсон нь далайд гарцгүй Монгол Улсын хувьд онцгой ач холбогдолтой шийдвэр болсон гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар “Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын гурван талт хамтын ажиллагааны “Улаанбаатарын уулзалт”-ыг 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 14 дүгээр хуралдааны үеэр Душанбе хотноо зохион байгуулсан. Уг дээд түвшний   уулзалтыг уламжлал болгон зохион байгуулж 2016 оны 6 дугаар сарын 23-нд Ташкент хотноо төрийн тэргүүн нарын гурван талт гурав дахь удаагийн уулзалтын үеэр “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталсан билээ.

Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын “Талын зам”, БНХАУ-ын “Бүс ба зам”, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо” санаачилгуудыг уялдуулсан, “Бүс ба зам”-ын хүрээнд байгуулагдсан хамгийн анхны олон талт хамтын ажиллагааны хөтөлбөр болсон юм. Хоёр том гүрний дунд орших Монгол Улс нь хоёр хөршөө холбоод зогсохгүй Ази-Европыг холбох хамгийн дөт зам байх боломжтойн хувьд Орос, Хятадын өсөн нэмэгдэж буй худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг холбох төмөр зам, авто зам, газрын тос болон хийн хоолой, эрчим хүчний шугамыг онцлох 5 шугам хэмээн нийтэд нь “Талын зам” гэж нэрлэсэн стратегийн санаачилга дэвшүүлсэн билээ.

Гурван улсын нутаг дэвсгэрээр дамнасан төмөр замын төв коридорын дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх нь Монголын төмөр замыг хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлж шинэчлэн сайжруулалт хийх, улмаар Эдийн засгийн коридорын тээврийн коридоруудыг бүтээн байгуулахад ихээхэн ач холбогдолтой учир Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, бусад холбогдох байгууллагууд дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч бодлогоор дэмжих, хил, гааль, хорио цээр, төмөр замын байгууллагын уялдааг хангаж хил нэвтрэлтийг хөнгөвчлөх, тарифын хөнгөлөлт үзүүлэх зэрэг дамжин өнгөрөх таатай нөхцөлийг бүрдүүлэх бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.

Та бидний хүчин чармайлтын үр дүнд Монгол Улс олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний чухал бүрэлдэхүүн хэсэг болж, Олон улсын худалдаа, тээврийн зах зээлд Монгол Улсын эзлэх байр суурь дээшилнэ гэдэгт Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд итгэлтэй байна.

Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энхийг ерөөж, форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                                        Жаргалтулгын ЭРДЭНЭБАТ

2017 оны 04 дугаар сарын 07-ны өдөр

Улаанбаатар хот

DSC_0095

DSC_0117