ОЮУТНЫ СПОРТЫН УНИВЕРСИАД НААДАМ ТЯНЬЖИН ХОТОД БОЛНО

2017-04-28

universad

            Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 158 дугаар тогтоолыг үндэслэн Монголын оюутны спортын Азийн бүсийн “Универсиад IV их наадам”-ыг 4 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд БНХАУ-ын Тяньжин хотын Политехникийн их сургуулийн спорт цогцолборт зохион байгуулна.

            Энэ удаагийн наадмыг Монгол Улсын БСШУСЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Биеийн тамир спортын газар, Монголын оюутны спортын холбоо, БНХАУ дахь Монгол оюутны холбоо хамтран зохион байгуулж байна.

            Тус тэмцээнд БНХАУ-ын Бээжин, Шанхай, Тяньжин, Нанжин, Ухань, Хөххот, Тунляо, Ши-ань, Тайвань болон БНСУ-д суралцаж буй 200 гаруй оюутан сагсан бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн 3 төрлөөр алт, мөнгө, хүрэль медалийн төлөө өрсөлдөх юм. Мөн 3 төрлийн нийлбэр дүнгээр шилдэг багийг шалгаруулж, цом олгоно.

            Оюутнуудын дунд биеийн тамир, спортыг хөгжүүлэх, цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий энэхүү арга хэмжээнд нийт оюутан сурагчдыг идэвхтэй оролцож, өөрийн хот, сургуулийн баг тамирчдыг дэмжихийг уриалж байна.

            Жич: 28-ны 17:00 цагаас тамирчдад мандатыг олгох ба 18:00 цагаас техникийн зөвлөлгөөн болно.