САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН 23 ДУГААР УУЛЗАЛТАНД ОРОЛЦОЖ БАЙНА

2016-12-09

photo

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 23 дугаар уулзалт ХБНГУ-ын Хамбург хотноо 12 дугаар сарын 8-ны өдөр эхлэв. ЕАБХАБ-ын оролцогч 57 улс, хамтын ажиллагааны түнш 11 орны төлөөлөгчид хуран цугларсан энэхүү уулзалтанд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцож байна.

Өнөө өглөө болсон бүгд хуралдаанаар сайд Ц.Мөнх-Оргил өөрийн улсын байр суурийг илэрхийлж үг хэлэхдээ Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн Засгийн газар нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хөрш зэргэлдээ БНХАУ болон ОХУ-тай тогтоосон стратегийн түншлэлийг цаашид гүнзгийрүүлж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч байгааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн, гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Япон, АНУ, Энэтхэг, БНСУ болон ЕХ-той тогтоосон уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлж, олон улсын болон ЕАБХАБ зэрэг бүс нутгийн байгууллагатай хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэхээ нотлов.

Дэлхий нийт хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн орчин нөхцөлд бүс нутагт үүсээд буй зөрчил, хямралыг энхийн замаар шийдвэрлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлж, эдийн засаг, хүний аюулгүй байдлыг хангахад ЕАБХАБ-ын чадавхийг бэхжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа Гадаад харилцааны сайд илэрхийлэв.

Сайд Ц.Мөнх-Оргил Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто, Швейцарын Гадаад хэргийн сайд Д.Буркхалтер, Беларусийн Гадаад хэргийн сайд В.Макей, Польшийн Гадаад хэргийн сайд В.Вашчыковски, Австрийн Гадаад хэргийн сайд С.Курц, ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Ф.В.Штайнмайер, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер, Умард Атлантын гэрээний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Роуз Готтемоллер нартай тус тус уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

Сайд нарын зөвлөлийн 23 дугаар уулзалт үргэлжилж байна.