МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БНХАУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА

2017-05-14

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны 5 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж, “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна.

            Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 5 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав.

visit1

Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулж, шинэ шатанд гаргах эрмэлзэлтэй байгаагаа харилцан илэрхийлэв.

visit2

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцохыг урьсанд талархал илэрхийлж, “Бүс ба Зам” санаачилга олон улсын хэмжээнд ихээхэн дэмжлэг хүлээж байгаад баяр хүргэв.

            Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хөгжүүлэхээр тохирсон нь түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бүрдэж байгаад талууд санал нэгдэв.

            БНХАУ-тай харилцах харилцаа нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцолж, худалдаа, эдийн засаг, хил орчмын хөгжил, дэд бүтцийн чиглэлээр хоёр улсын хамтарч хэрэгжүүлж болох зарим томоохон төсөл, хөтөлбөрийн талаар тодорхой байр сууриа илэрхийлэв.

            Талууд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, худалдааны бүтцийг сайжруулах шаардлагатай байгааг тэмдэглэв. Үүний тулд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөтгөж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хилийн зарим боомтыг ойрын хугацаанд олон улсын статустай болгоход анхаарч ажиллахаар хоёр тал тохиролцов.

            Хятадын тал Монгол Улсад тулгараад буй эдийн засгийн түр зуурын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа нотолж, цаашид үзүүлэх буцалтгүй тусламжийн хэмжээг нэмэгдүүлэхээ илэрхийлэв.

            Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар 5 дугаар сарын 12-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.

visit4

visit4a

visit5

visit6

Хэлэлцээний үеэр Ерөнхий сайд нар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах асуудлаар голчлон санал солилцов.

            Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д уул уурхайн бүтээгдэхүүн, төмрийн хүдэр, нүүрс, хөдөө аж ахуйн болон малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд чухал байгааг тэмдэглэв.

            Тавантолгойн ордод түшиглэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрснээс шингэн болон нийлэг хий гаргах иж бүрэн төсөлд хамтарч ажиллах, хилийн зарим боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж олон улсын статустай болгох, Хятад-Европыг холбосон нислэгт Монгол Улсын агаарын орон зайг ашиглах, агаарын хаалга шинээр нээх, дэд бүтэц, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтарч ажиллах чиглэлээр Ерөнхий сайд нар санал солилцов. Түүнчлэн Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн цахилгаан станц барих төслийг даруй эхлүүлэх, “Хэрлэн говь” төслийг Хятадын талтай хамтран хэрэгжүүлэх, Замын-Үүд-Эрээн боомтын хамтын ажиллагааг өргөжүүлэх дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.

            Ерөнхий сайд нар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсөлд хамтран ажиллах, туршлага солилцох талаар санал нэгдэв. Талууд мөн уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг сааруулах зорилго бүхий Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа болон Хятадын “Өмнөд-Өмнөдийн уур амьсгалын сан”-гийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

            Албан ёсны хэлэлцээний дараа дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Үүнд:

  1. “Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  2. Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  3. Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  4. Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  5. Монгол Улсад шинжлэх ухааны парк, инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  6. “Мазаалай баавгайн амьдрах орчны нөхцөлийг сайжруулах” төслийг эхлүүлэх тухай солилцох захидал
  7. “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг барих” төслийн хоёр сургууль, нэг цэцэрлэг барих тухай солилцох захидал
  8. Монгол Улс, БНХАУ хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн талаар хамтарсан судалгаа эхлүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  9. Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам хоорондын хөтөлбөр /2017-2020 он/
  10. Залуу эрдэмтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, БНХАУ-ын Шинжлэх Ухаан, технологийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  11. Махан бүтээгдэхүүнийг дамжуулан тээвэрлэх үеийн хорио цээр, хяналтын тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  12. Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хооронд 2017 онд хамтран ажиллах төлөвлөгөө
  13. БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөр бетон гүүр шинээр барих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр
  14. БНХАУ-ын Засгийн газраас олгох 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр
  15. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын “Чайна Датанг” групп хамтран судалгаа хийх, хамтарч ажиллах тухай санамж бичиг
  16. Монгол Улсын Өвөрхангай аймаг, Хятадын “Хай чуан” групп, Америкийн “Жарвес Монголиа” компани хооронд махны үйлдвэр байгуулах тухай санамж бичиг
  17. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК болон Өвөр Монголын Эрчим хүчний Олон улсын хамтын ажиллагааны компани хооронд байгуулах “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”
  18. /Энержи Ресурс ХХК-ийн толгой компани болох/ “Монголиан майнинг корпорэйшн” болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугатын гангийн үйлдвэр корпораци хоорондын хамтын ажиллагааны ерөнхий гэрээ
  19. “Могул Пауэр” ХХК болон БНХАУ-ын Төрийн өмчит SPIC /State Power Investment Corporation/ Inner Mongolia Co.Ltd корпорацитай байгуулах харилцан ойлголцлын баримт бичиг
  20. “Эрдэнэс стийл” ХК (Бэрэн компанитай хамтарсан) Хятадын Northern Heavy Industries Group Co.Ltd компанитай кокс гангийн үйлдвэрт хамтран ажиллах гэрээ
  21. Монголын “Ганьт” групп “Жунмин Жуюой” технологийн компани хоорондын хамтран ажиллах гэрээ зэрэг болно.